“Хоггүй өрх-Хоггүй баг” хөтөлбөр хэрэгжиж байна

Хуучирсан мэдээ: 2014.05.19-нд нийтлэгдсэн

“Хоггүй өрх-Хоггүй баг” хөтөлбөр хэрэгжиж байна

РАШААНТ БАГТ “ХОГГҮЙ ӨРХ-ХОГГҮЙ БАГ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА

Бүгд Найрамдахчуудын Олон Улсын хүрээлэн болон Аймгийн ИТХ-ын хамтын ажиллагааны хүрээнд орон нутаг дахь баг, багийн ИНХ, иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх, иргэний оролцоог бүрдүүлэх, шинэ санал санаачилгыг дэмжин ажиллах чиглэлээр олон ажил зохион байгуулагдаж байна.

Үүний нэг бол багийн ИНХ –ын дарга нарыг сургалтад хамруулж түүний үр дүнд ажлын хэсэг байгуулагдаж, гэр хорооллын хогны асуудлыг шийдвэрлэх арга замын талаар  ажлын төлөвлөгөөндөө тусгаж ажилласан явдал юм. Энэ хүрээнд нэг багийг сонгон авч төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн нь Рашаант  баг. Рашаант багийн ИНХ, тэргүүлэгчид болон ажлын хэсгийнхэн энэ хөтөлбөрийн хүрээнд багийн нутаг дэвсгэрийн хог хаягдал, бохирдлыг багасгах зорилгоор оршин суугчдын дунд сургалт , зөвлөмж, ухуулга сурталчилгаа хийж, багийнхаа ойр орчимд сануулах, анхааруулах хуудас байршуулж, гудамж тус бүр дээр гудамжны ахлагчийг томилон ажиллуулж үүрэг хариуцлагыг нь зааж өгсөн байна. Тэд оролцоог өөрсдөө бүрдүүлж, идэвхтэй иргэдийг татан оролцуулж, гудамжны ахлагчийг үнэмлэхжүүлж, эрх үүргийг нь тодорхой болгож зааварчилгаа өгч ажиллаж байгаа нь үр дүнгээ өгч байна. “Хоггүй өрх-Хоггүй баг” гэсэн энэ хөтөлбөрөөс тодорхой зөвлөмжүүдийг гаргасан байгаа юм. Тухайлбал:

    Хогийг ил задгай газар, гуу жалга, гудамжинд хаяхгүй байх, хогийг хогны саванд болон зориулалтын хог хаях цэгт хаяж хэвших


    Хог хаягдлаа тухай бүр нь зайлуулж хур хог үүсгэхгүй байх


    Ойр орчмынхоо хог хаягдлыг тодорхой давтамжтайгаар цэвэрлэж занших


    Өрх бүр хогны дэвтэртэй болох, хог ачих хуваарьт өдөр хогоо заавал ачуулж хэвших, хэрэв зайлшгүй эзгүй байх тохиолдолд хөрш айлдаа захиж үлдээх


    Хогны дэвтэрт хог ачсан болон хогны төлбөр төлсөн тухай тэмдэглэлийг гудамжны ахлагч, хэсгийн ахлагчаар бөглүүлж хэвших

Энэ хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн бас нэгэн онцлох ажил бол айлуудын хашаанд зориулалтын хогны савыг байршуулсан явдал юм. Одоогийн байдлаар дахивар болон энгийн хогонд зориулагдсан 2 тасалгаа бүхий хогны том савыг загвар болгож 3 айлд байршуулаад байна. Уг хогны сав нь 2 талаасаа онгойдог/нэг талаас нь айл өрх хогоо хийж нөгөө талаас нь ачих зориулалттай/, хогийг ангилан ялгах боломжтой, цэвэр үзэмжтэй, бат бөх, халуун үнс нурам хийхэд галын аюулгүй зэрэг онцлогтой юм. Хэмжээний хувьд өндрөөшөө болон өргөөшөө 1 метр, уртаашаа 2 метрийн хэмжээтэй. Хогны савыг амьжиргааны түвшнээс доогуур, хөгжлийн бэрхшээлтэй , өндөр настан гэсэн 3 айлд  байршуулж өглөө.

Энэ ажлыг иргэд дэмжиж, сайшаалтай хүлээж авсан бөгөөд  Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгээс  ажлын үр дүнг ажлын хэсгийн тайлан, мэдээ мэдээлэл, дүгнэлтээс харж байж цаашид аль багт төсөл хэрэгжүүлэхээ шийдэх юм.

 Уг төсөл, хөтөлбөрт ажилласан н.Аюуш, Рашаант багийн ИНХ, тэргүүлэгчид, ажлын хэсгийнхэнд амжилт хүсье.

Эх сурвалж: http://erdenet.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж