NBA: “Индиана” 107:96 “Майами”

Хуучирсан мэдээ: 2014.05.19-нд нийтлэгдсэн

NBA: “Индиана” 107:96 “Майами”

АНУ-ын сагсан бөмбөгийн NBA-гийн 2013-2014 оны улирлын дорнод бүсийн аваргын төлөөх эхний тоглолтод  “Индиана Пэйсерс” “Майами Хит” багийг 107:96 онооны харьцаатай хожлоо. Дорнод бүсийн аваргын төлөөх цувралын эхний тоглолтод “Индиана Пэйсерс”-ийн талбайд болсон юм. Талбайн эзэн “Индиана Пэйсерс” тоглолтын эхнээс оноогоор давамгайлан тоглосон. Энэ давамгайллаа хадгалсаар, эхний тоглолтдоо төвөггүй ялалт байгууллаа. 

Өнөөдрийн тоглолтод “Индиана Пэйсерс” багийн гарааны таван тоглогч 15-аас дээш оноо авч, тун сайн тоглосон. Пол Жорж 24 оноо, долоон оновчтой дамжуулалт өгч багаа тэргүүлсэн. Мөн Дэвид Уэст, Рой Хибберт нар 19 оноо, Ланс Стефенсон 17, Жорж Хилл 15 оноо авсан юм. Харин “Индиана Пэйсерс” багийн сэлгээний тоглогчид өнөөдрийн тоглолтод ердөө 13 оноо авсан байна. Сэлгээнээс С.Ж.Уатсон 11, Луис Скола хоёр оноо авчээ.

Өрсөлдөгч “Майами Хит” багаас ЛеБрон Жэймс 25 оноо, арван удаа самбараас бөмбөг авалт, Дуэйн Уэйд 27 оноо авсан ч баг нь хожигдлоо. Өнөөдрийн тоглолтод “Майами Хит” багийн гарааны тоглогчдоос Шон Баттиер гурав, Крис Бош ес, Марио Чалмерс зургаан оноо авч хангалтгүй тоглосон нь хожигдох гол шалтгаан болсон юм.

“Майами Хит”, “Индиана Пэйсерс” багууд өнгөрсөн жил мөн л дорнод бүсийн аваргын төлөө өрсөлдсөн юм. Өнгөрсөн жилийн дорнод бүсийн аваргын төлөөх  өрсөлдөөн тун ширүүн болж, цуврал долоон тоглолтод “Майами Хит” “Индиана Пэйсерс” багийг 4:3-ын харьцаатай хожсон юм. Улмаар “Майами Хит” NBA-гийн аваргын төлөө “Сан Антионо Спөрс” багтай тоглож, түрүүлсэн. 

Харин энэ жил “Индиана” “Майами” багаас “даагаа нэхэн” тоглож байгаа юм.

Б.БИЛЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж