МҮИС-ийн оюутнууд жагсав

Хуучирсан мэдээ: 2014.05.19-нд нийтлэгдсэн

МҮИС-ийн оюутнууд жагсав

 

“Байгаль дэлхийгээ хамгаалъя”, ”Төсвийн мөнгийг үргүй зарахаа больё” гэх уриа лоозон барьсан 100 гаруй  оюутан яг одоо Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны гадаа жагсаал хийлээ. Жагсаалд “Энигма” компанийн төлөөлөл болон Монголын үндэсний их сургуулийн оюутнууд оролцсон юм.

Өнгөрсөн жилээс эхлүүлсэн Зайсангийн тусгай хамгаалттай газарт цахилгаан шугам барих ажлын хүрээнд зам дагуух  мод, сөөгөнд нөлөөлж, байгаль орчинд халтай үйл ажиллагаа явуулж байна хэмээн жагсаалд оролцогчид эсэргүүцэл илэрхийлж байгаа аж. Тэд уг ажлыг гүйцэтгэж буй “Сөүл” группийн “Мантууш” ХХК-ийг Монгол Улсын хуулийг уландаа гишгэж байна гэх тайлбарыг мөн өгч байлаа. Тус жагсаалд оролцож буй оюутнуудаас ямар зорилготой ирснийг нь асуухад “Байгаль орчноо хамгаалахыг дэмжин ирсэн. Оюутны зөвлөлөөс 11.00 цагт энд ирээрэй гэсэн зар тараасан. Тэгээд л ирсэн” гэж МҮИС-ийн оюутан н.Амаржаргал хэлэв.

Харин Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Хэвлэл мэдээллийн албаны дарга Ч.Базараас тус яамны гадаа болж буй жагсаалын талаар тодруулахад “Энэ хүмүүс манайд шаардлага тавьж буй асуудлынхаа талаар гомдол, санал, албан бичиг ирүүлээгүй.  Ямар шалтгаанаар, ямар зорилготой жагсаал хийж байгаа нь ч тодорхойгүй байна” гэлээ.

Байгаль орчин, ногоон хөгжилийн яамны Төрийн тусгай хамгаалалтын газрын ахлах ажилтан А.Долгормаа жагсаалд оролцогчдын тавьж буй асуудлын талаар “Зайсан толгойн орчим цахилгааны шугам тавих ажлыг бид улсын төсвөөр гүйцэтгэж эхлэн, ажлаа явуулж байгаа нь үнэн. Гэхдээ тэр ажлын хүрээнд байгаль орчинд халтай зүйл юу ч хийгээгүй. “Энигма” ХХК болон МҮИС-ийн өмчийн багахан газарт хоёр ширхэг цахилгааны мод татаж оруулсныг энэ хүмүүс эсэргүүцэж байгаа гэж ойлголоо. Нэмж хэлэхэд, харин ч “Энигма” гэж компани өмчилсөн газартаа байгаль орчинд халтай үйл ажиллагаа явуулсан байдаг” гэсэн хариулт өглөө. 

Б.БАТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж