Серена Италийн нээлттэй тэмцээнд түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2014.05.19-нд нийтлэгдсэн

Серена Италийн нээлттэй тэмцээнд түрүүллээ

Италийн Ром хотноо болсон "2014 Internazionali BNL d'Italia" тэмцээний шигшээ тоглолт өнгөрсөн шөнө болж, дэлхийн тэргүүн теннисчин АНУ-ын Серена Уильямс Италийн Сара Эрринаг 6:3, 6:0-ийн харьцаагаар буулган авснаар тус тэмцээний гурав дахь түрүүгээ хүртлээ. Тэрээр 2002, 2013 онуудад түрүүлж байжээ.

Энэ сарын 11-18-ны өдрүүдэд Италийн Ром хотноо WTA ээлжит цуврал тэмцээн боллоо. 2,6 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээний шигшээд АНУ-ын Серена Уильямс, Италийн Сара Эррина нар шалгараад байсан. Өчигдөр болсон шигшээ тоглолт нэг цаг, 11 минут үргэлжилэхэд 6:3, 6:0-ийн харьцаагаар дэлхийн тэргүүн теннисчин ялалт байгуулжээ. Энэ жил 32 настай Серена Уильямс карьерийнхаа 60 дахь түрүүгээ хүртэж байна.

Тус тэмцээнд аравт эрэмбэлэгдэн тоглосон Италийн Сара Эррина шөвгийн наймд тэмцээнд хоёр эрэмбэлэгдсэн БНХАУ-ын Ли Наг, хагас шигшээд Сербийн Елена Янковичийг хожсоноор шигшээд шалгарсан. Харин тус тэмцээний 2011, 2012 оны аварга ОХУ-ын Мария Шарапова(8) гуравдугаар тойрогт Сербийн Ана Ивановичийг хожиж чадаагүй. Тэмцээнд 11-т эрэмбэлэгдсэн Сербийн Ана Иванович хагас шигшээд Серена Уильямст ялагдсан.

"2014 Internazionali BNL d'Italia" тэмцээний хосын төрөлд Словени, Чехийн хослол түрүүлжээ.

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж