Пак Кын Хе дахин уучлалт гуйлаа

Хуучирсан мэдээ: 2014.05.19-нд нийтлэгдсэн

Пак Кын Хе дахин уучлалт гуйлаа

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Кын Хе өнөөдөр /V.19/ ард иргэддээ хандан тэнгист живсэн “Севол” гатлага онгоцны осолтой холбоотойгоор албан ёсоор дахин уучлал гуйлаа. Тэрээр Өмнөд Солонгосын үндэсний телевизээр дамжуулан “Ерөнхийлөгчийн хувьд ард иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлыг хамгаалж чадаагүйдээ чин сэтгэлээсээ уучлал гуйж байна” хэмээн нулимс дуслуулан мэдэгджээ. Үүнээс өмнө Ерөнхийлөгч Пак Кын Хе парламентын хуралдаан, хохирогчдын ар гэрийнхэн, шашны тэргүүнүүдтэй уулзах болон Буддагийн төрсөн өдрийн мэндчилгээнийхээ үеэр “Севол”-ын осолд уучлал гуйж байсан юм.

 

Түүнчлэн Пак Кын Хе тэнгисийн ослын үед хангалтгүй ажилласан эргийн хамгаалалтын хүчнийг татан буулгаж, оронд нь Үндэсний аюулгүй байдлын яамыг байгуулах болсноо мэдэгджээ. Тэрээр аюулгүй байдлын стандартыг шинэчилж, алба хаагчдын дундах авилга, хээл хахуулийг таслан зогсоох цогц арга хэмжээнийхээ хүрээнд эргийн хамгаалалтыг татан буулгаж, өөрчлөхөөр болсон байна.

 

“Севол” хөлгийн ослын дараа Өмнөд Солонгосын Засгийн газар ард иргэдийн зүгээс маш их шүүмжлэл хүлээж, Пак Кын Хегийн ретинг унасан аж. Мөн хохирогчдод зориулсан гашуудлын жагсаалын үеэр уурссан иргэд Пак Кын Хег огцрохыг шаардан жагссан юм. Энэ үеэр Сөүлийн цагдаа нар 115 жагсагчийг баривчлах арга хэмжээ ч авчээ.

 

Өмнөд Солонгосын Инчон хотоос Чежү арлыг чиглэн хөвж явсан “Севол” гатлага онгоц өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-нд тэнгист живж осолдсоноос 300 гаруй хүн амь үрэгдсэн юм. Хөлөг дээр 476 хүн зорчиж явснаас 350 гаруй нь Ансан хотын Данвон ахлах сургуулийн 17-18 насны сурагчид байсан билээ. Харин ослоос амьд гарсан “Севол” хөлгийн ахмад болон багийн зарим гишүүд шүүхээс хүн амины хэрэгт ял, шийтгэл сонссон юм.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: The Korea Times

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж