Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж, гишүүдийн олонхийн санал авч чадаагүй Газрын тосны тухай хуулийн төслийг Засгийн газраас дахин боловсруулан өргөн барихаар болжээ.
Засгийн газраас өнгөрсөн 2013 оны зургадугаар сарын 25-ны өдөр Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Газрын тосны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл, Газрын тосны тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлсэн байдаг. Үүний дагуу байнгын хороод, УИХ-ын чуулганы хуралдаанаар хуулийг хэлэлцүүлэн өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригийн чуулганы хуралдааны үеэр эцсийн хэлэлцүүлгийг хийсэн ч УИХ-ын гишүүдийн олонхийн дэмжлэг авч чадаагүй бөгөөд 50/50-иар тэнцэж, энэ төсөл унасан юм.
Тэгвэл өнгөрсөн бямба гаригт Засгийн газрын хуралдаанаар Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт оруулах, Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тосны тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэлэлцсэн байна. Засгийн газрын хуралдаанаар энэ хуулиудыг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон байна.
Өөрөөр хэлбэл, УИХ-д олонхийн санал авч чадаагүй, өнгөрсөн долоо хоногт унасан Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах хуулиудын төсөлд УИХ-ын нэр бүхий гишүүдийн саналыг төсөлд тусган дахин өргөн барихаар болжээ.
Ингэхдээ өнгөрсөн долоо хоногт унасан хуульд УИХ-ын зарим гишүүдийн саналыг нэгтгэж, дахин боловсруулж, УИХ-д өргөн барьж байгаа аж. Өмнө нь Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьж байсан ч хэлэлцэх шаардлагагүй гэж үзэн унагаасан байдаг. Дараа нь дээр хэлсэнчлэн 2013 онд Газрын тосны хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дахин өргөн барьсан ч эцсийн хэлэлцүүлэгт мөн унасан. Өөрөөр хэлбэл, хоёр удаа өргөн барьсан ч олонхийн дэмжлэг авч чадаагүйэл хууль гурав дахь даваагаа давахаар УИХ-д дахин орж ирэхээр болж байна. Харин энэ удаад Засгийн газар өргөн барихаар бэлтгэж байгаа хуулиа “хамгаалан” батлуулж чадах болов уу.
Ш.ОЧ