Төрийн өмчит компаниудад тулгардаг зовлон, бэрхшээл “Мон-Атом”-д нүүрлэх болсон гэдгийг эх сурвалжууд нотолж байна. Чононд хонио хадгалуулав гэгчээр хоноцын сэтгэлээр ханддаг дарга нараасаа болж төрийн өмчит компаниуд олон тэрбумын алдагдалд ордог жишгээр “Мон-Атом” компанийн бусдад төлөх өр хэдийнэ 4.5 тэрбум төгрөгөөс давах болсон гэнэ. Тодруулбал, Голомт банкинд 500 сая, “Эрдэнэс МГЛ” компанид 330 сая, Чехийн “Ураниум Индастри” компанид 3.6 тэрбумын гэхчлэн өрөнд тус компани унаад байгаа аж. Мөн цалин, нийгмийн даатгалд 200 орчим сая төгрөгийн өр хуримтлагдаад байгаа гэх.
“Мон-Атом компани нь 2009 оноос хойш төрийн өмчит компанийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд хамгийн сүүлийн үеийн мэдээгээр тус компанийн захирал Ж.Билэгсайханд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бололтой. Ж.Билэгсайхан өмнө нь Ашигт малтмалын газрын даргаар ажиллаж байсан юм. Тэрбээр Ашигт малтмалын газрын даргаар ажиллаж байхдаа ч албан тушаалаа урвуулан ашиглаж байсан гэдгийг хэлэх хүмүүс ч бий. АТГ-аас Ж.Билэгсайханыг албан тушаалаа урвуулан ашигласан, мөнгө угаасан байж болзошгүй гэдэг үндэслэлээр шалгаж байгаа бөгөөд дээрх шалтгаанаар тус компанийн ТУЗ хуралдаж, түүнийг үүрэгт ажлаас нь халах шийдвэр гаргасан гэнэ. Хэрэг явдлыг тодруулбал, Ж.Билэгсайхан нь цацраг идэвхт ураны илрэлийг тогтоох, үнэлэх, мэргэжлийн хайгуул, судалгаа гүйцэтгэх, тайлан тооцоо хэлбэрээр шинжлэх ухаан теникийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх тухай нэг сая 90 мянган ам.долларын гэрээг ямар ч тендергүйгээр “Мон Зим” компанитай байгуулсан гэх бөгөөд сонгон шалгаруулалтгүйгээр эрх олгосон компанийнхаа дансанд төлбөрийг нь шууд хийсэн гэх баримт Төрийн өмчийн хорооны санхүү дээр байгаа ажээ. Хамгийн гол нь энэ төрлийн адил үйлчилгээ эрхэлдэг компаниуд дээрх ажлыг 200 мянган ам.доллараар гүйцэтгэдэг юм байна. Гэтэл зах зээлийн үнэлгээнээс даруй зургаа дахин илүү мөнгөөр “Мон Зим” компанитай гэрээ байгуулж, мөнгөө тэр даруй шилжүүлсэн явдлыг тус компанийн ТУЗ-ийн гишүүд ч мэдээгүй байсан бололтой. Тиймээс АТГ-аас Ж.Билэгсайхан даргыг энэ хэрэгт холбогдуулан эрүү үүсгэн шалгаж эхлэнгүүт “Мон-Атом” компанийн ТУЗ хуралдаж, түүний хууль зөрчсөн үйлдэл нь нотлогдсон учраас тавдугаар сарын 24-нд ажлаас нь халжээ. Харамсалтай нь, Ж.Билэгсайхан дарга өөрийнхөө алдаа дутагдалд гэмших нь битгий хэл албан тушаалаа өгөхгүй хэмээн компанийнхаа ТУЗ-ийг өөрийнхөө гарт авахаар улайран хөөцөлдөж байгаа гэх мэдээллийг эх сурвалж хэлж буй. Мөн зарим нэг газар, хэлтэсийн дарга нараа ажлаас нь үндэслэлгүй халсан гэх мэдээлэл байна. Ураны хайгуул судалгаа хийхэд ердөө 200 мянган ам.доллар хэрэгтэй байхад чухам ямар шалтгаанаар сонгон шалгаруулалтгүйгээр нэг сая 90 мянган ам.доллар "Мон Зим" компанийн дансанд шилжүүлснийг АТГ шалгаж тогтоох ёстой. Учир нь тус компанид шилжүүлсэн нэг сая 90 мянган ам.долларыг Ж.Билэгсайхан дарга өөрийн халааснаасаа гаргаагүй нь лавтай. Компани нь 4.5 тэрбум төгрөгийн өрөнд орж, цалин мөнгөө ч тавьж чадахгүйд хүрсэн байтал дурын нэгэн компанид ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр нэг сая 90 мянган долларыг халаасанд нь хийсэн явдлыг "Мон Атом"-ынхан даргыгаа мөнгө угаасан байж болзошгүй хэмээн хардаж байгаагаа нуухгүй байгаа. Тиймээс төрийн мөнгөөр гараа угааж байгаа төрийн өмчит компаниудын захирлуудад хариуцлага тооцохгүй бол төсвийг түрийвчээ гэж хардаг ойлголт нийгэмд байсаар л байх болов уу.
Ж.ЭРХЭС