Сайншандад шаардлагатай мөнгө хэд вэ?

Хуучирсан мэдээ: 2014.05.19-нд нийтлэгдсэн

Сайншандад шаардлагатай мөнгө хэд вэ?

-Сайншандын аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалтыг дэмжих 200 сая ам.доллар шаардлагатай гэв-

Дорноговь аймгийн нутаг дэвсгэр, Сайншанд хотод хүнд үйлдвэрийн парк байгуулах төлөвлөгөө улиг болж, сүүлдээ хотынхоо замыг бүрэн засч чадахгүй байж яаж хүнд үйлдвэрийг байгуулах билээ гэх эргэлзээ төрүүлэх болжээ. Бас “Усны нөөцгүй газар, мөн тал нь оросуудын мэдэлд байдаг төмөр замын зангилаан дээр зэс, ган хайлуулах үйлдвэрүүд барих нь учир дутагдалтай” гэж шүүмжлэх хэсэг ч бий.

Тэгвэл өнгөрөгч баасан гаригт /V.16/ Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор /САҮЦ/-ын  бүтээн байгуулалттай холбоотой албан ёсны мэдээллийг албаныхан өгсөн юм. Цогцолбор байгуулах ажлыг өнгөрсөн жилээс түлхүү ярих болж, хувьцаат компани байгуулан, боловсон хүчний бодлогод анхаарал хандуулж эхэлсэн байдаг. Гэсэн ч парк байгуулах ажлыг гацаанаас гаргахад хоёр үндсэн асуудал тулгарч байсан нь усны нөөц болон хөрөнгө оруулалтын асуудал байв. Харин энэ талаар одоо албаныхан дараах тайлбарыг өгч байна.

Цогцолбор жилдээ 10 сая шоо метр ус ашиглах тооцоотой. Монгол орны гадаргын усны 70 хувь нь гадагш урсдаг гэдэг бол эндээс паркад ашиглаж, үр ашигтай болгох шийдлийг албаныхан хэллээ.  Эхний ээлжинд Бор хөөвөрийн газар доорх усны ордоос ашиглах бол дараа нь бүс нутаг хооронд ус дамжуулах шугам хоолойгоор Хэрлэн голын ай сав газарт үерийн ус хуримтлуулах усан сан байгуулж шийдэх талаар Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын Зөвлөх гидрогеологич С.Ганхуяг танилцуулав. Өөрөөр хэлбэл, хүнд үйлдвэр байгуулсан эхний таван жилд гүний ус ашиглаж, дараа нь жилдээ 650 сая м3 ус урсдаг  Хэрлэн голоос усан хангамжаа шийдэхээр төлөвлөжээ. Үүгээр говийн бүсэд усны хангамжийг шийдэж болдгийг харуулах том жишээ нь САҮЦ болно гэдгийг албаныхан онцолж байлаа. 

Эхний ээлжинд 200 сая ам.доллар шаардлагатай гэв

Цогцолбор байгуулахад гангийн үйлдвэрт 3.5 тэрбум ам.доллар, дэд бүтцийг хөгжүүлэхэд 2 тэрбум ам.доллар, нийт 5.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай талаарх урьдчилсан тооцоо гаргажээ. Үүнээс төр зөвхөн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг дэмжих  200 сая ам.долларыг санхүүжүүлэх хэрэгтэй гэнэ. Хэрэв энэ санхүүжилтийг шийдвэрлэвэл бусад үлдсэн бүтээн байгуулалтын санхүүжилтийг гадаадын хөрөнгө оруулагч, хувийн хэвшлийн хөрөнгөөс шийдэх боломж бий. Өөрөөр хэлбэл, 200 сая ам.долларын санхүүжилтийг Сайншандын аж үйлдвэр байгуулах дэд бүтцэд төрөөс хөрөнгө оруулвал дараа жилээс шууд бүтээн байгуулалтыг эхлүүлэх боломжтой юм гэсэн мэдээллийг албаныхан өглөө.

Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын нийт 2 тэрбум ам.долларын зарцуулалтад төмөр зам ороогүй бөгөөд 450 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станц байгуулах, усан хангамж, хий дамжуулах хоолой, засмал зам, төвийн халаалтын систем, төмөр замын терминал зэрэг ажил багтсан байна. Мөн олон улсын нисэх онгоцны буудал барих зардлыг үүнд багтаажээ. Үүнээс тодруулахад, нэр дурдсан  450 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станц Сайншандад байгуулвал 677 мВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой гэнэ. 

Одоо хүртэл цогцолборын хөрөнгө оруулалтын санхүүжилт шийдэгдэхгүй байгаа тал дээр  Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Ганболд “Цогцолборыг анх байгуулах гэрээ, сэлт хийж байхад бондын хөрөнгөөс  санхүүжилтийг гаргах ёстой гэж заасан байдаг. Одоо эхний ээлжинд бидэнд төрөөс 200 сая ам.долларын асуудлыг шийдээд өгчихвөл биеэ даан ажиллах эхлэл тавигдана” гэлээ. 

Цогцолборт 40-50 үйлдвэр байгуулна

Ган үйлдвэрлэхэд шаардлагатай үндсэн  үйлдвэрүүдийг түшиглэн нийт 40-50 дагуул үйлдвэрийг Сайншандын цогцолборт байгуулах ажээ. Эдгээрийн ган ширэм, аргалж, хорголжийн, кокс химийн болон зэс хайлуулах зэрэг үндсэн үйлдвэр бөгөөд үлдсэн нь дагуул үйлдвэрүүд байх гэнэ. Гангийн үйлдвэр жилдээ таван сая тоннын хүчин чадалтай, 3000 хүний ажлын байр бий болгоно гэж тооцоолж байгаа бол Зэс хайлуулах үйлдвэр жилдээ 175-450 мянган тоннын хүчин чадалтай ажиллаж, 1200 хүний ажлын байр, кокс химийн үйлдвэр жилдээ 2-4 сая тоннын хүчин чадалтай ажиллаж, 1000 орчим хүнийг ажилтай болгоно гэлээ.

Үндсэн үйлдвэрийг дагалдах 40-50 үйлдвэрүүдийн тухайд,

-Коксын үйлдвэрийг дагаж битум, будагны, үнэртэй усны, эмийн, химийн, нейлоны, балын харандааны,

-Зэс хайлуулах үйлдвэрийг дагаж цахилгаан техникийн хөнгөн үйлдвэрүүд, цахилгаан утасны, алт цэвэршүүлэх, хүхрийн хүчил боловсруулах, зэсэн хавтангийн, зэс хоолойн, үнэт эдлэлийн үйлдвэр,

-Ган, ширмийн үйлдвэрийг дагаж ган утасны, төмөр замын дээд доод бүтцийн материалын, төмөр бетон дэрний, цутгамал гангийн угсармал хоолой, гуурсны, хадаасны, төмөр хийцийн үйлдвэрийг байгуулах бол

-Бусад хөнгөн үйлдвэрүүдийн хувьд, тоосгоны, керамзит, хайрганы, дайрганы, суурь бетоны, дулаалгын хөөсөнцөр, цонх, хаалга, шал, хана, хавтанцарын зэрэг үйлдвэрүүд байх ажээ.

Түүхий эдээр хэрхэн хангах вэ?

Эдгээр 40-50 үйлдвэрийг барьж, ажилууллахад түүхий эдийн нөөц бололцоо ямар байх, хэрхэн тээвэрлэн татах билээ гэдэг асуудал яах аргагүй анхаарал татах сэдэв. Гангийн үйлдвэрлэлийн гол түүхий эд нь кокс, зэс, төмрийн хүдэр. Тус бүрт нь тайлбарлая.

Монголын төмрийн хүдрийн нөөц төмөр замаар тээвэрлэлт хийхэд тохиромжтой бүсүүдэд байгааг албаныхан хэлдэг. Төмрийн хүдрийн нөөцийн 80 орчим хувь нь Төв-Хойд-Урд-Зүүн бүсүүдэд байгаа бөгөөд эндээс төмрийн хүдрээ тээвэрлэхэд асуудалгүй гэлээ.

Төмрийн хүдрийн нөөц

САҮЦ-ыг зэсийн баяжмалаар хангах орд, үйлдвэрүүдийн хувьд Оюутолгой, Эрдэнэт, Цагаан суваргын ордыг нэрлэв. Эдгээр нь төмөр зам, дэд бүтцийн сүлжээнд холбогдсон, дагалдах үнэт металын агуулга өндөр, зэсийн баяжуулах үйлдвэрүүдийнх нь техник технологи өндөр төвшнийх гэж албаныхан онцлов. 2018-2024 онд Оюутолгой, Эрдэнэт, Цагаан суварга дээд хүчин чадлаараа ажиллах боломжтойг албаныхан мөн тодотгоно лээ.

Монголын нүүрсний ордууд дэлхийд нөөцөөрөө эхний аравт багтдаг бөгөөд дэд бүтцэд холбогдсон, коксжих нүүрсний чанар сайтай гэгддэг. Тиймээс САҮЦ-ыг коксжих нүүрсээр хангахын тулд Тавантолгой, Овоот толгойн ордыг ашиглах юм байна.

Нүүрсний ордууд

“Хятад руу түрэх зах зээл бий”

Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг нийт 5.5 тэрбум ам.долларын санхүүжилтээр босгож чадлаа гэхэд эдийн засгийн үр өгөөжөө хэдий хугацаанд өгөх вэ гэдэгт олон нийт шүүмжлэлтэй ханддаг. Тэгвэл хүнд үйлдвэр ашиглалтад орж ажилласнаас хойш 5-8 жилийн дотор өртгөө бүрэн нөхөж, цаашдаа үр ашиг яригдаж эхэлдэг бөгөөд САҮЦ босч чадвал ойрын таван жилдээ Монголын эдийн засгийн чадамжийг хоёр дахин өсгөх тооцоотойг  Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Ганболд хэлж байсан.

2012 онд дэлхийн хэмжээнд гангийн хэрэглээ 1.413 сая тоннд хүрсэн бөгөөд үүний 45.7 хувийг БНХАУ дангаараа бүрдүүлж, дэлхийн хамгийн том гангийн хэрэглэгч болсон гэдэг. Өнгөрсөн жил БНХАУ 950 сая тонн төмрийн хүдэр импортолсон байна. Энэ жил  хэмжээ нь буурсан ч сар бүр 70 сая тонн  төмрийн хүдэр импортолж байгаа ажээ. Өөрөөр хэлбэл, Хятадын зах зээл өдөр ирэх тусам гаднаас хараат болж буйг албаныхан онцлоод, энэ орон зайд Монгол САҮЦ-оор түрж орохыг зорилгоо болгож байгаа гэлээ. Хятадад төмрийн хүдэр нийлүүлэгч томоохон орны нэг Энэтхэг экспортын татвараа нэмж, зогсоогоод байгаа тул бидэнд боломж бий гэж төслийн албаныхан үзэж байна.

САҮЦ-оос түүхий эд, бүтээгдэхүүнийг Бичигтийн боомтоор дайруулан төмөр замаар ачаа тээвэрлэж, Хятадын зах зээлтэй нийлэх үндсэн төлөвлөгөө байгаа. Одоогоор Монгол Улс 20 сая тонн ачаа тээвэрлэж байгаа бол цаашдаа Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг байгуулж, дээр байдлаар тээвэрлэвэл жилдээ 130-158 сая тонн ачааг гадаад зах зээлд гаргана гэсэн их тоо сонсогдлоо.

Дээр хэлсэн нийт 5.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын хэмжээнд төмөр зам багтаагүйг дахин сануулъя. “Монголын төмөр зам” ТӨХК  Тавантолгойгоос-Гашуунсухайт, Тавантолгой-Сайншанд, Бичигт-Эрээнцав, Сайншанд-Хөөт, Сайншанд-Замын Үүд чиглэлд төмөр замаа тавьбал 7.1 тэрбум ам.доллар шаардлагатай гэгдэж буй.  Ингэхээр Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг байгуулж, бүрэн утгаар нь түүхий эд, бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд гаргахад төмөр замын тээврийг ашиглах нийт өртөгтэй нийлээд 13 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай болох нь.

Ийм нүсэр тооцоотой САҮЦ ямартай ч эхний ээлжинд 200 сая ам.долларыг төрөөс гаргаж өгвөл дараа жилээс газар дээрх бүтээн байгуулалтыг эхлүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Ашиглалтад орох эцсийн хугацаа 2018 он. Төр засгаас дэд бүтцээ шийдээд өгвөл үйлдвэр байгуулах хөрөнгө оруулалт хийе гэж хувийн хэвшлүүд болон гадаадын хөрөнгө оруулагчид хандах болсон байна.  Хөрөнгө оруулалтын асуудалд хүлээлттэй байгаа САҮЦ Оюутолгойгоос хоёр дахин бага зардлаар босч, адил хэмжээний үр ашигтай ажиллах тооцоотой гэдгийг ч албаныхан энэ удаа дахин дахин тодотгоно билээ.

У.БОЛОР
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж