Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Хуучирсан мэдээ: 2014.05.17-нд нийтлэгдсэн

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлогын төслийг хэлэлцлээ

Шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн чиг хандлага өөрчлөгдөж, эдийн засгийг байгалийн баялаг, уул уурхайд түшиглэсэн бус мэдлэгт суурилсан хэлбэрээр хөгжүүлэх бодлого баримталж байна.

Монгол улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтөд судалгаа, шинжилгээнд үндэслэсэн байх зарчим баримтлах болсон, шинжлэх ухаан технологийн хөгжлийг олон улсын хөгжлийн түвшин ирээдүйн чиг хандлагад нийцүүлэх зэрэг төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг шинэчлэн боловсруулах, шаардлагатай байна гэж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр Засгийн газрын гишүүдэд танилцуулсан байна.

Шинэчилсэн найруулга нь 9 зүйл, 61 хэсэг, 22 заалттай байхаар боловсруулжээ.

1998 оны бодлогод шилжилтийн эдийн засгийн дараах үед шинжлэх ухаан, технологийн салбарын нөөц, чадавхийг хадгалах замаар зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжүүлэхийг чухалчилсан бол энэхүү шинэчилсэн найруулгад энэ салбарт нэгэнт бий болсон хүч, нөөцийг бүрэн ашиглах, бүтээлч, цогц үйл ажиллагааг хангах зорилтыг дэвшүүлжээ. Монгол Улсын тогтвортой хөгжил, аюулгүй байдлыг хангах,  үндэсний чадамж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, мэдлэгт суурилсан эдийн засгийн салбаруудыг өргөжүүлэн хөгжүүлэхэд шинжлэх ухааны үүрэг оролцоог нэмэгдүүлэх зорилтыг шинэчилсэн найруулгын төсөлд чухалчилжээ. Мөн энэ салбарын хөгжлийн бодлого, төлөвлөлт нь олон улсын жишигт нийцсэн үндэслэл, тооцоо судалгаанд суурилсан, үр дүн нь баталгаажсан, үнэн зөв мэдлэг, үр нөлөөтэй хэрэглээ байх зарчмуудыг шинээр оруулсан байна. Шинжлэх ухаан технологийн кластер, парк, хотхон байгуулах, технологийн бирж, нэгдсэн мэдээллийн сан, лабораторийн орчныг өнөөгийн шаардлагыг хангах, салбарын хэтийн төлөв, олон улсын чиг хандагад нийцсэн байхаар төлөвлөжээ.

Эрдэм шинжилгээний ажилтны тоог нэмэгдүүлэхээс гадна чанарыг сайжруулах, гадаадад ажиллаж буй эрдэмтэн, судлаачдыг өөрийн орны судалгаанд оролцуулах, залуу судлаачдыг дэмжсэн тэтгэлэг, дэмжлэгийн тогтолцоог бий болгох зэрэг олон шинэчлэлийг төрөөс баримтлах бодлогын төсөлд тусгажээ.  Энэ төсөл батлагдсанаар шинжлэх ухаан, технологийн салбар нь зах зээлийн хэрэгцээ шаардлагыг хангахуйц, эдийн засаг, нийгмийн эрэлт, хөгжлийн захиалгад нийцсэн өрсөлдөх чадвартай болж, хөгжлийн шинэ шатанд дэвших, хууль зүйн хувьд уг салбарт мөрдөгдөж буй эрх зүйн зарим баримт бичгийг бодлогод нийцүүлэн шинэчлэх эрх зүйн боломж бүрдэнэ. Шинжлэх ухааны парк байгуулагдаж, дотоодын нийт бүтээгдэхүүнд өндөр технологи, инновацийн бүтээгдэхүүний эзлэх жин нэмэгдэнэ зэрэг ач холбогдолтой гэж салбарын яам үзэж байна.

Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо

Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тосны тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулиудын төслийг хэлэлцээд дэмжин, Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.   

УИХ-д ажлын хэсэг байгуулагдаж, Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах хуулиудын төслийг холбогдох байнгын хороо болон нэгдсэн чуулганаар удаа дараа хэлэлцсэн ч нэгдсэн чуулганаар хуулийг батлах эсэх тогтоол олонхийн дэмжлэг аваагүй. УИХ-ын нэр бүхий гишүүдийн саналыг төсөлд тусган дахин өргөн барьж байгаа ажээ.

Товч мэдээ

  • ·         Агаарын тухай хууль, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын 2011 оны тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
  • ·         Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч дотоод хяналт хэрэгжүүлэх үлгэрчилсэн журмыг баталлаа. Хүнсний үйл ажиллагаа эрхлэгчдэд сурталчлан таниулах, хэрэгжүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллахыг Шадар сайд Д.Тэрбишдагвад даалгалаа.
  • ·         Бүгд найрамдах Эстони улсын нийслэл Таллин хотноо 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гарын үсэг зурсан “Цахим диплом паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Эстони улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа.    

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж