Усны эмчилгээний чанарыг хүн төрөлхтөн аль эртнээс мэддэг байв.
Эрт Ромд л гэхэд хүмүүс торхтой халуун усанд эмчилгээний ургамал хийж суух дуртай байжээ. Харин 20-р зууны дунд үеэс эхлэн усан эмчилгээ дэлхий даяар ид хүчээ авч эхэлсэн юм. Ус нь хүний биед дулааны, механик, химийн цочрол өгдөг. Ус дулаанаасаа хамаарч хүний биеийг халааж, хөргөж чадна.
Та халуун, хүйтэн усанд зэрэг орж үзээгүй бол эмчилгээний томоохон боломжийг алдаж байна гэсэн үг. Энэ нь хүний биеийн эсэргүүцлийг сайжруулж, тэсвэртэй болгодог. Эхэн үедээ та усны хэмийн ялгааг бага гаргаж, 2-3 минутын турш тийм ч халуун бус усанд ороод, дараа нь тийм ч хүйтэн бус усанд ийм хугацаагаар ороорой. Ингээд усанд орох болгондоо усны хэмийн ялгааг ихэсгэнэ. Үүний дараа таны ядаргаа тайлагдаж, янз бүрийн өвчин хууч алгуурхан арилна.
Усанд орох үедээ янз бүрийн давс, хөөс, эмийн ургамал хийхээ битгий мартаарай. Халуун усанд орохдоо нэмэлт бэлдмэлээ зөв сонгож чадвал судас, мэдрэл, үе мөчний өвчнөөс ангижирч, ханиад томуу, цаг агаарын өөрчлөлтөд тэсвэртэй болно. Мэдээж халуун усанд зөв орж сурах хэрэгтэй.
Та 37-38 хэмээс дээш усанд орох ёсгүй. Эс тэгвэл халуун ус таныг ядрааж, сульдаана. Мөн хоол идсэнээс хойш хоёр цагийн дараа болон хоол идэхээс өмнө усанд орох нь зүйтэй. Биеийн эрүүл мэнд хэдий сайн байгаа ч 20-25 минутаас дээш усанд орж болохгүй. Үүнээс их хугацаагаар усанд орвол зүрх ачаалалд орно.
Ер нь онгоцтой усанд орох бол цээжээ ил гаргаж хэвтэх нь зүгээр байдаг. Усан эмчилгээ хэдий ашигтай ч 2-3 өдөрт нэг удаа орж байх ёстой. Усанд орсны дараа хуурай алчуураар биеэ арчиж, бага зэрэг амарна. Давс, тос, ургамлын нэмэлтийг усанд орохдоо хэрэглэвэл бие махбод бүрэн амарч, булчин сулардаг.
Ялангуяа давстай усыг бодисын солилцоо алдагдсан хүмүүс болон экземтэй хүн хэрэглэхийг зөвшөөрдөг. Давсанд агуулагдах йод нь халдваргүйжүүлэх, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг тул бамбай булчирхайн үйл ажиллагаанд таатайгаар нөлөөлдөг байна. Харин бром тайвшруулдаг.