Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Шилэн дансны тухай хуулийн төслийг УИХ буцаагаад байгаа билээ. Ухаалаг төрийг цогцлооход төсвийн ил тод байдал зайлшгүй шаардлагатай тул уг хуулийн төслийг ирэх долоо хоногт УИХ-д дахин өргөн барихаар төлөвлөж байгаа юм байна. Энэ талаар Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Төслийг буцаахдаа УИХ-ын зарим гишүүн Шилэн дансны тухай хуулийн төслийн нэрийг шүүмжилж, зарим хуультай давхардсан заалтууд байгааг анхааруулж байсан. Дахин өргөн барихдаа “Шилэн данс” гэсэн нэрийг хэвээр хадгалах нь зүйтэй гэдгийг зөвлөх Ч.Өнөрбаяр хэллээ. Мөн Мэдээллийн эрх чөлөөний тухай, Төсвийн тухай хуультай уялдуулан Шилэн дансны тухай хуулийн төсөлд давхардаж байсан хэсгүүдийг эмхэлж цэгцэлсэн байна. Иргэний аудит гэдэг бүтцээр хяналт тавиулах тухай хэсэг төсөлд байсныг больж, онлайнаар хандалт хийж байгаа иргэн бүр төсвийн зарцуулалтад хяналт тавьж, Төрийн аудитын байгууллага хариуцлага тооцдог байх нь зүйтэй гэж оруулахаар болжээ. Аль болох цомхон, асуудлаа шийдэж чадсан хууль гаргахаар ажиллаж байгаагаа мөн сэтгүүлчдэд танилцуулав.
Иргэд төсвийн зарцуулалтад хэрхэн хяналт тавих талаар хэлэхдээ “Төсвийн захирагчид яамны төсөв, төрийн худалдан авалттай холбоотой шийдвэр мэдээллээ интернэтэд оруулж байх үүрэг хүлээнэ. Үүнийг ямар ч иргэн хандалт хийгээд үзэх боломжтой. Иргэд хүссэн мэдээллээ цахим хуудсуудаас харах боломжтой байдаг шиг төсвийн зарцуулалтын талаар шаардлагатай зүйлээ олж мэдэх боломж бүрдүүлнэ . Одоогийн байдлаар 100 мянга орчим шүүхийн шийдвэрийг цахим хэлбэрээр үзэх боломж бүрдээд байна. Олон хуудастай ийм их шүүхийн шийдвэрийг онлайн болгож чадаж байгаа тул мөнгө зарсан тушаал шийдвэрийг оруулахад хялбар. Иргэд зөвхөн мэдээлэл аваад зогсохгүй, эргэлзэж буй шийдвэр, төсвийн хөрөнгийн зарцуулалтын талаар Аудитын газраас шалгуулсан асуудлынхаа үндэслэлтэй эсэх талаар хариу авах боломжтой” гэлээ.
Эх сурвалж: www.president.mn