Цахилгаан станцын асуудлаар нээлттэй хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2011.05.11-нд нийтлэгдсэн

Цахилгаан станцын асуудлаар нээлттэй хуралдлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Эрчим хүчний бодлогын зөвлөл өнөөдөр “Иргэний танхим”-д нээлттэй өргөтгөсөн хуралдаан хийв. Хуралдааныг нээж Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж хэлэхдээ “Саяхан Засгийн газар эрчим хүчний шинэ эх үүсвэр тавдугаар цахилгаан станцын асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргасан. Маргааш энэ асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэх юм. Тиймээс өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Эрчим хүчний бодлогын зөвлөлийн гишүүд сонирхогчдын хамт өргөн хүрээнд энэ асуудлыг хэлэлцэхээр цуглаад байна” гэв. Энд зөвлөлийн гишүүдээс гадна Монгол Улсын ЭБЭХЯ, БОАЖЯ, ЗТБХБЯ-ны холбогдох дарга нар, дулаан, эрчим хүчний байгууллагуудын удирдах хүмүүс, мэргэжилтнүүд, мэргэжлийн холбоодын захирлууд, ДЦС-5 төслийн удирдагч, инженерүүд, нийслэлийн Засаг даргын Тамгын газрынхан, иргэдийн төлөөлөл хүрэлцэн иржээ.

Эхлээд шинэ эх үүсвэрийн төслийн талаар ЭБЭХЯ-ны газрын дарга Т.Цэрэнпүрэв танилцуулав. Тавдугаар цахилгаан станцыг гурван хувилбараар хэд хэдэн газар барихаар судалгаа хийсэн байна. Нэгд Улиастайд ТЭЦ, хоёрт хотод нүүрсээр ажиллах халаалтын зуух, уурхайн аман дээр конденсацийн цахилгаан станц, гуравт III цахилгаан станцын талбайд барьж дэд бүтцийг нь ашиглах гэсэн хувилбар гол нь юм байна. Улиастай гэсний учир нь нийслэлийн зүүн хэсгийн дулааны хэрэглээг найдвартай хангах зорилгоор уг станцыг барих гэж буйтай холбоотой. Гэвч газар хөдлөлийн идэвхтэй бус гэсэн үндэслэлээр энэ хувилбарыг зохисгүй хэмээн үзсэн байна. Хоёр дахь хувилбар өртөг зардал ихтэй аж. Ингээд хамгийн тохиромжтой нь гурав дахь хувилбар болсон байна. Тавдугаар дулааны цахилгаан станцыг 6 зуух, 5 трубинтай, нийт 820 МВт цахилгаан, 1101 Гкал/цаг дулаан гаргах хүчин чадалтай, эхний ээлж нь 2015, хоёр дахь ээлж нь 2020 онд ашиглалтад орохоор тооцжээ. Жилд 3.6 сая тонн нүүрс шатаах юм. Нүүрснийхээ 70 хувийг нь Шивээ-Овоогоос, 30 хувийг нь Багануураас авах бололтой. Тоосны хаягдлыг 99.6 хувь шүүх бөгөөд үнсээр нь барилгын материал үйлдвэрлэх юм байна. Үнснээс ялгарах цацраг идэвхт бодис барилгын материалын стандартад нийцэхийг шинжилгээгээр тогтоожээ. Станцын босох өртөг 1.4 тэрбум доллар гэлээ.

Оролцогчид байрлал, хүчин чадал, дулааны төв шугам дайран өнгөрөх газар, үнс, өртгөө хэдэн жилийн дараа нөхөх, ашгийн түвшин, гарах цахилгааны үнэ, давтамж, тогтвортой байдал, нүүрсний хангалт зэрэгтэй холбоотой олон асуулт тавьж байлаа. Мөн эрчим хүчний салбар бодлогогүй явж ирсэн тул сүүлийн 25 жилд шинэ эх үүсвэр бариагүй. Судалгааны хүрээлэн байгуулмаар байна. Шинэ станцын хувьд эрчим хүчний тогтворжилт, санхүү, эдийн засгийн талаасаа хөрөнгө оруулагчдыг татах зүйл, тооцоонд анхаарах хэрэгтэй гэж оролцогчид хэлэв. Тэд энэ шинэ эх үүсвэрийг яаралтай барихын чухлыг бас онцлон тэмдэглэсэн юм. Нүүрсээр хангах хоёр уурхайн өргөтгөлийг энэ оноос эхлүүлэхгүй бол бэрхшээл учрах тухай ч дурьдав.

Эцэст нь бодлогын зөвлөлийнхөн хүмүүсийн саналыг тусган Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд зөвлөмж гаргах нь зүйтэй гэж үзлээ. Тэд оролцогчдын хэлснээр станцын нэгдүгээр ээлжийн тендерийг эхлээд зарлах нь зүйтэй гэдэг дээр санал нэг байлаа.

Эх сурвалж: President.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж