Баянхонгор аймаг Галуут сум
Олгой нуураас баруун хойд зүгт урсан гарах Олгойн гол ойролцоогоор 2км урт үргэлжлэх Галуутын хавцлыг үүсгэдэг. Энэ хавцал Галуут сумын төвөөс баруун тийш 20 орчим километрийн зайд оршино. Галуутын хавцал нь 100-150метр гүн эгц цавчим хадан ханатай бөгөөд өргөн нь дунджаар 10м, хамгийн их нарийссан хэсэгтээ 1м болно.
Галуутын хавцлын тухай олон домог ард түмний дунд үеэс үед ам дамжин яригдсаар өнөөг хүрчээ. Тухайлбал: Эрт дээр үед Цогтой гүний хошууны нутагт Олгой нуураас Хаалган ам хүртэл их устай маш том нуур байжээ. Тэр нуурыг Тоть нуур гэж нэрлэдэг байж. Гэтэл ганцхан шөнө хэнгэрэг цан дугаргаж, бүрээ бишгүүр хангинаж, хонь мал майлалдан, хүн амьтан шуугилдаад нэг их нүүдэл яваад өнгөрөх шиг болсон гэдэг. Маргааш өглөө нь харахад Тоть нуур савнаасаа халиад Бумбаны нурууг сэт татаж Хойд голд /Цагаан туруутын голд/ нийлсэн байжээ. Ийнхүү Галуутын хавцал үүсжээ. Тоть нуураас үлдэж хоцорсон хонхор, хотгор газарт тогтсон ус цагийн эрхэнд ширгэж алга болсон бөгөөд зарим устай үлдсэн хэсэг нь Олгой нуур, Олон нуур, Холбоо нууруудыг үүсгэсэн юм гэнэ. Хаалган амны олон хонхрууд ч ийм байдлаар үүссэн гэдэг. Галуутын хавцлын эгц хажуугийн хад чулуунд үүссэн ялимгүй тавцангууд дээр хээрийн галуу, хар өрөвтас зэрэг шувууд өндөглөн зусдаг. Мөс ус, намгийн шувууд болон идлэг шонхор, бүргэд тохиолдоно.