Ерөнхийлөгчийн “амраг”

Хуучирсан мэдээ: 2014.05.16-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн “амраг”

-АНУ-ын ерөнхийлөгч Билл Клинтон, Цагаан ордонд дадлага хийж байсан оюутан Моника Левински хоёрын дуулиан тухайн үед ерөнхийлөгчийн карьерт арай л цэг тавьчихаагүй билээ-

 

Вотергейтийн хэргээс хойш АНУ-д хамгийн их шуугиан тарьсан Левинскийн скандалын талаар сонсоогүй хүн ховор. АНУ-ын ерөнхийлөгч Билл Клинтон, Цагаан ордонд дадлага хийж байсан оюутан, 22 настай Моника Левински хоёрын секс дуулиан тухайн үед ерөнхийлөгчийн карьерт арай л цэг тавьчихаагүй билээ. Тэдний секс дуулианы талаар хэвлэлээр анх цацах үед Билл Клинтон “Би тэр бүсгүйтэй ямар ч харьцаанд ороогүй” хэмээн  Цагаан ордноос мэдэгдсэн  юм. 1998 онд АНУ-ын лидерийн хуурамч мэдэгдэл түүнийг ерөнхийлөгчийн суудлаас нь золтой л унагачихаагүй. 21 хоног үргэлжилсэн Төлөөлөгчдийн танхимын хурал дээр Билл Клинтон бусдыг, мөн эхнэрээ хуурснаа хүлээн зөвшөөрч, тэр үйлдэлдээ харамсч буйгаа илэрхийлсэн боловч уучлал гуйгаагүй билээ.

 

Төгсөх курсын оюутан Моника Левински 1995 онд ерөнхийлөгч Билл Клинтоныг ажлаа аваад удаагүй байхад Цагаан ордонд дадлагын оюутнаар очсон байв. Моника Левински ноён ерөнхийлөгчтэй нууц харьцаатай болсноо найз, хамтрагч Линда Триппт ярьдаг байжээ. Батлан хамгаалах албаны туслах ажилтан Линда Трипп тэдний утасны яриаг чагнадаг байсныг тэр сүүлд мэдсэн билээ. 1998 онд Моника Левински Билл Клинтонтой бэлгийн харьцаанд ороогүй гэж гэрчийн мэдүүлэг өгөх үед Линда Трипп утасны бичлэгийг Билл Клинтоныг өөр хэд хэдэн хэргээр шалгаж байсан тусгай консул Кеннет Старрт өгсөн байдаг. Тэр үед Билл Клинтоныг Холбооны мөрдөх товчооны ээдрээтэй хэргүүд, Цагаан ордны аялалын албаны хэргүүдэд холбоотой гэж сэжиглэж байжээ. Билл Клинтон, Моника Левинскийн секс дуулиан тэр үед өндрөө авч, “Моникагейт”, “Левинскигейт” ,”Сексгейтийн хэрэг” гэгдэж байв.

 

Цагаан ордны эзэнтэй холбоотой секс дуулиан эрэн сурвалжлах сэтгүүлч Майкл Исикофийн гарт орсноор анх 1998 оны нэгдүгээр сарын 17-нд “the Drudge Report” вэб сайтад цацагдсан юм. Секс дуулианы мэдээ хэдхэн хоногийн дотор шуурга шиг тарж, Билл Клинтон хэдийгээр үгүйсгэсэн боловч Цагаан ордноос албан ёсны тайлбар өгөхийг хүчтэй шаардаж байв.  1998 оны нэгдүгээр сарын 26-нд АНУ-ын ерөнхийлөгч Билл Клинтон, тэргүүн хатагтай Хиллари Клинтоны хамт Цагаан ордонд хэвлэлийн хурал зарлаж, маш үнэмшилтэй, хуурамч мэдэгдэл гаргасан байдаг. Билл Клинтон тэр үед “Би Америкийн ард түмэнд нэг зүйл хэлмээр байна. Би та бүхнээс намайг сонсохыг хүсье. Би дахиад хэлье. Би тэр бүсгүйтэй бэлгийн харьцаанд ороогүй. Хатагтай Левински, би хэнд ч, хэзээ ч худлаа хэлэхийг ятгаж байгаагүй. Энэ бол гүжирдлэг. Би Америкийн ард түмэнд хэрэгтэй ажлаа хиймээр байна. Баярлалаа” гэсэн юм. Харин Моника Левински тэр үед ерөнхийлөгчтэй хоёр жилийн хугацаанд есөн удаа бэлгийн харьцаанд орсон гэж хүлээсэн байв. Хачирхалтай нь Цагаан ордоны аль нэг хэсэгт болсон дээрх явдлын таван тохиолдлын үеэр тэргүүн хатагтай ордондоо байсан аж.

 

1998 онд Билл Клинтоны улс төрийн нам, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимын аль алинд нь цөөнхийн суудал авсан байв. Түүний намын зарим гишүүд болон Бүгд найрамдахчуудын олонхи нь Билл Клинтоны хуурамч мэдүүлэг болон Левинскийн мэдүүлэгт нөлөөлсөн нь тангаргаас няцаж, шударга ёсыг уландаа гишгэсэн гэмт хэрэг гэж үзсэн юм. АНУ­ын Конгресс Клинтонд  итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал  хураахад Билл Клинтон өөрийн гэм буруугаа хүлээж, ерөнхийлөгчийн суудлаа бас гэр бүлээ авч үлдэж чадсан билээ.

 

 

Харин секс дуулианаас хойш паппарацци, шар хэвлэлийн амтат олз болсон Моника Левински сүүдэрт амьдрахаас залхаж буйгаа саяхан “Vanity Fair” сэтгүүлд ний нуугүй ярьжээ. Тэрбээр Билл Клинтон тэдний дунд болсон явдалд гүнээ харамсдаг гээд  “Дугуй малгайгаа шатааж, цэнхэр даашинзаа хаях цаг болсон” хэмээсэн байна. Билл Клинтоноос Левинскид бэлэглэсэн гэдэг цэнхэр даашинз тухайн үед болсон явдлыг илчилсэн ДНК-н нотолгоо болж байсан билээ.

 

Улстөрчдийн секс дуулиануудаас хамгийн их өндөр авсан дээрх шуугианаас хойш 10 гаруй жил дуугүй явсан Моника Левински ам нээх болсон тухайгаа “Үргэлж айж, гэтэж явахаас залхаж байна. Би энэ түүхийг өөр төгсгөлтэй байгаасай гэж хүсч байна. Өөрчлөлт ямар үнэтэй байх нь удахгүй харагдах байх” гэжээ. Моника Левински ерөнхийлөгч тэдний хооронд болсон явдлыг насанд хүрсэн хоёр хүний хооронд болдог л зүйл гээд “Миний босс (ерөнхийлөгч асан Билл Клинтон) намайг ашигласан нь илэрхий. Энэ бол харилцан тохиролцсон харьцаа байсан. Би үүнийг хаана ч хэлнэ. Харин бүх зүйл ингэж эргэсний дараа Клинтоны Засаг захиргаа, прокурорын алба, улс төрчид, хэвлэл мэдээлэл бүгд намайг бамбай болгосон. Энэ бүхэн эрх мэдэлтэй холбоотой болохоор би бамбай болж үлдсэн” гэсэн байв. Секс дуулианы дараа Моника Левинскийн амьдрал ичгүүр гутамшиг болсон аж. Ялангуяа мөрдөн байцаалтын үед тэрбээр хэд хэдэн удаа амиа хорлох тухай боддог байжээ. Цагаан ордноос явсны дараа Лондон, Лос Анжелес, Нью Йорк, Портланд, Орегон зэрэг олон газар ажилд орох ярилцлагад орсон боловч намтраасаа болоод тэнцдэггүй байжээ. Моника Левинскийн нэр шар хэвлэлийнхэн төдийгүй Америкийн поп соёлд хамгийн алдартай нэр болсон юм. Түүний нэг жишээ нь Америкийн дуучин Бейонсигийн “Partition” дуу юм. Саяхан хит болсон уг дуунд Бейонси  ”Бүх товчыг тайлж, цамцыг минь тайчлаа. Намайг тэр Моника Левинскидсэн” гэж дуулдаг. Моника Левински үүний хариуд Бейонсид хандаж “Баярлалаа Бейонси, гэхдээ чи Моника Левинскидсэн биш, Билл Клинтондсон гэх гэж байсан байх” хэмээсэн аж.

 

 

2010 онд өөр хөвгүүнийг үнсч буй зураг нь цахим ертөнцөд тарснаас болж, амиа хорлосон 18 настай хүү Тайлер Клементийн үхэл Моника Левинскид хүнд туссан аж. Түүний өмнөх амьдралын ичгүүр, гутамшгаар дүүрэн жилүүдийг санагдуулсан энэ явдлаас болж Моника Левински  хэдэн өдрөөр өрөөнөөсөө ч гаралгүй бүгжээ. Тэр үед Левинскийн ээж түүнийг амиа хорлох вий гэж айж байв. Хүүгийн эмгэнэлт үхэл түүнийг сүүдрээс гарч, түүхийг өөрчлөх бодол төрүүлсэн аж.

 

Левински “Миний туулсан зовлон өөр ч гэсэн би өөрт тохиолдсон зүйлийг бусдад сургамж болгож, доромжлол, хараалаар булуулж байгаа хүмүүст хамгийн хэцүү үед нь туслахыг хүсч байна.” гэжээ. Тэрбээр мөн “Б.Клинтонтой холбоотой секс дуулиан дэгдэх үед би дэлхий дээрх хамгийн их хараалгасан хүн болсон.  Мөн “the Drudge Report”-ын мэдээний ачаар олон улсын хэмжээнд тохуурхагдсан анхны хүн болсон. Харин интернэт үүнд гол үүрэг гүйцэтгэсэн”  гэсэн байна.

 

Моника одоо өөрийн түүхийг өөрөөр төгсгөхийн тулд цахим ертөнц дэх доог тохуу, доромжлолын хохирогчдын эрх ашгийн төлөө ярихаар төлөвлөж байгаа ажээ.

 

 

 

 

 

 

Н.ЭНХТУЯА

 

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №061

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж