Тимошенко давж заалдав

Хуучирсан мэдээ: 2011.05.11-нд нийтлэгдсэн

Тимошенко давж заалдав

Украины экс ерөнхий сайд Юлия Тимошенко 2009 онд ОХУ-тай байгуулсан байгалийн хийн гэрээнд нь хамаатайгаар Ерөнхий прокурор эрүүгийн хэрэг үүсгэснийг эсэргүүцэж Киев хотын Печерын тойргийн шүүхэд давж заалдсан өргөдлөө өглөө гэж  мэдэгдэв. Ерөнхий прокурор Тимошенког Оростой байгалийн хийн гэрээ байгуулахдаа эрх мэдлээ хэтрүүлэн улсад асар их хохирол авчирсан хэмээн эрүүгийн хэрэг үүсгэсэн байлаа.

Тимошенко өнгөрөгч мягмар гарагт Төв мөрдөн байцаах газар очин ээлжит мэдүүлгээ өгсөн ба түүнийг сөрөг хүчний “БЮТ-Батькивщина”  жигүүрийн ардын депутат Сергей Власенко дагалдан очжээ. Тимошенко Ерөнхий прокурорт хандан  түүнийг өөрийн өмгөөлөгчөөр авах хүсэлтээ нэг биш удаа гаргаж байсан ажээ.

“Бид гомдлоо ил тодоор шүүхээр авч үзүүлэх хүсэлтэй” гэж Тимошенко сэтгүүлч нарт мэдэгдсэн бол Власенко  уг гомдлыг авч хэлэлцэх хугацаагаа шүүх зөрчсөн гэж хэлжээ. “Байгалийн хийн” хэргээс өмнө Тимошенкод албан тушаалаа урвуулан ашиглаж Төсвийн хууль зөрчсөн хэмээн хоёр эрүүгийн хэрэг үүсгээд байгаа билээ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж