Гэр бүлийн өдөр гэртээ эрт хариарай

Хуучирсан мэдээ: 2014.05.15-нд нийтлэгдсэн

Гэр бүлийн өдөр гэртээ эрт хариарай

Өглөө ажилдаа яаран ирж, үдэш гэр рүүгээ яаран харьдаг хүн хамгийн жаргалтай гэдэг. Тэрхүү аз жаргалыг хүн бүрт амтлуулах, мэдрүүлэх үүднээс жил бүрийн тавдугаар сарын 15-ныг “Олон улсын гэр бүлийн өдөр” болгон зарлаад 19 дэх жилтэйгээ золгож байна. Өнөөдөр Монгол Улс 800 гаруй мянган өрх, гэр бүлээс бүрддэг. Гэр бүл болгон амар амгалан, аз жаргалтай бол нийгэм бүхэлдээ үймээн шуугианаас ангид байх билээ. Улс доторх улс болсон 800 гаруй мянган гэр бүл энх амгалан, элдэв бэрхшээлгүй байх нь  тухайн гэр бүлийн гишүүн бүрээс хамааралтай байдаг. Өвөг дээдсийн маань эртнээс нааш сургамжилж ирсэн “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” хэмээх үгэнд асар том философи, амьдралын ухаан багтдаг. Өөрөө төлөвшиж амжаагүй, бие даан амьдрах дадал суугаагүй байж гэр бүл зохиох нь бат бөх, аз жаргалтай гэр бүлийг босгож чадахгүйн дээр гэрээ өөд нь татаж амжаагүй хүн төрд хоёргүй сэтгэлээр зүтгэдэггүй гэдгийг ч давхар өгүүлж байгаа юм.

Монгол гэр бүл бусад улс үндэстнүүдээс эрс ялгаатай. Эцгийн голомтоос галаа тасалсан  хэдий ч ижий, аав, элгэн саднаасаа холдож, орхиж чаддаггүй нь монгол хүний төрөлх зан. Үүнээс болж гэр бүлд сайн, саарын аль аль нь үүсдэг. Өдөр сараар бус цаг, минутаар глобалчлагдаж байгаа нийгмийн харилцаанаас үүдэн орчин цагийн гэр бүлийн харилцаанд ч олон шинэ өнгө аяс нэмэгдсээр байгаа юм. Энэ бүхнээс үүдсэн олон хэв шинжит гэр бүл Монголд бий болж, гэр бүлийг үнэлэх үнэлэмж ч өөрчлөгдөн шинэчлэгдсээр байгаа юм. Өнөөгийн сонирхолтой, өвөрмөц гэр бүлийн харилцааг тэртээ 1999 онд баталсан Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулиар зохицуулахад хүндрэлтэй болсныг гэр бүл судлаач, хуулийн мэргэжилтнүүд хэлдэг. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хөгжлийн хурдыг хууль эрх зүйн орчны шинэчлэл нь гүйцэхгүй ямагт хоцорсоор, хожимдсоор байгаа юм.

Төрөөс сүүлийн 10-аад жилд гэр бүлийг дэмжихэд чиглэсэн хөтөлбөрүүд, тухайлбал, хүүхдийн мөнгө, шинэ гэр бүлд олгосон тэтгэмж зэрэг нь өрх, гэр бүлийн тооны өсөлтөд эергээр нөлөөлсөн байна. Өнөөдөр Монгол Улсын хүн ам 2.9 саяд хүрч түүний 10 шахам хувийг ахмад настнууд, 27.7 хувийг 0-14 насны хүүхэд, 37,5 хувийг 15-34 насны өсвөр үе, залуучууд эзэлж байна. 1963-2010 оны хоорондох 44 жилд хүн амын тоо 2.6 дахин нэмэгдсэн байхад өрх, гэл бүлийн тоо гурав дахин өсч, илүү хурдацтайгаар нэмэгдсэн байна. 2008 оноос өрхийн тоо эрс нэмэгдэж, өмнөх жилүүдэд нь 14-21 мянгаар нэмэгдэж байсан бол 2008 онд  32.1 мянгаар, 2006 онд 387 мянган өрхөөр өсчээ.

Өрх, гэр бүлийн бүтэц ч олон янз болжээ. Аав, ээж, үр хүүхдээрээ амьдарч байгаа уламжлалт гэр бүлээс гадна өвөө, эмээ, ах дүүс хамтдаа аж төрж буй  нийлмэл гэр бүл, ганц бие, өрх толгойлсон эмэгтэй эрэгтэйтэй өрх, гадаадын иргэдтэй нийлсэн олон соёлт гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй өрх гээд олон янзын өрх, гэр бүлээс өнөөгийн нийгэм бүрдэж байна. Түүнчлэн баталгаатай, баталгаагүй гэр бүлүүд ч бий, хамтран амьдрагч түр зуурын гэр бүлийг ч бас орхигдуулж боломжгүй.  2010 оны тооллогоор гэр бүлтэй болон хамт амьдардаг хүн амын 86 хувь нь хууль ёсны батлуулсан гэр бүл бол 14 хувь нь батлуулаагүй гэр бүл  байдаг ажээ. Энэ бүх хэв шинжит гэр бүлд чиглэсэн, таарч тохирсон хууль эрхзүйн шинэчлэл үгүйлэгдсээр байна.

Төрийн болон төрийн бус байгууллагын судалгаанаас үзвэл өнөөдөр гурван гэр бүл тутмын нэг нь ядуу амьдарч, гэр бүл салалт болон эмэгтэйчүүд толгойлсон өрхийн тоо нэмэгдэж, амьжиргаагаа дээшлүүлэхийн эрхээр мянга мянган нөхөн үржихүйн насны залуучууд гадаадад гарч, гэр бүлийн халуун дулаан орчинд өсч торних боломжгүй хүүхдийн тоо нэмэгдсэн гэсэн дүгнэлт гарчээ. Энэ мэт таагүй мэдээллийг энэ удаа цэглэж, гэр бүлийн энэ өдөр гэртээ эртхэн харьж, хань ижил, үр хүүхдээ баярлуулаарай гэж хүсье. Нэг өдрийн амгалан мянган жаргалын үүд билээ. Амар амгалан гэр бүлийнхний бүтээмж өндөр, тэр өрхөд өссөн хүүхэд жаргалтай.

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж