Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдийн дунд жил бүр зохиогддог марш тактикийн тэмцээний бэлтгэлд гарсан цэргийн албан хаагч амиа алдсан хэрэг гарчээ. Тавантолгой дахь сургалтын нэгдсэн төвд очиж бэлтгэл хийж байсан 120 дугаар ангийн албан хаагч Д нь тавдугаар сарын 13-ны өдрийн 22 цагийн үед нас барсан ч ар гэрийнхэнд нь өчигдөр өглөө хэл дуулгасан гэнэ. Ар гэрийнхэн нь талийгаачийг биедээ багагүй гэмтэл авсан байдалтай, байрлаж байсан байрнаасаа 300 метрийн зайд амиа алдсан байсан гэжээ. Гэвч Тавантолгойн сургалтын төвийнхөн болон Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд үгүйсгэж байна. Талийгаач 21 настай, ахлагчийн сургууль төгссөнөөсөө хойш 120 дугаар ангид ажиллажээ. Ар гэрийнхэн нь талийгаачийн цогцост нарийн шинжилгээ хийлгэхээр шүүх эмнэлэгт хандаад байгаа ажээ.
Болсон хэрэг явдлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Зэвсэгт хүчний жанжин штабаас удахгүй мэдээлэх гэнэ.
Д.ЦЭЭНЭ