Хараа голын бургасыг сэргээе

Хуучирсан мэдээ: 2014.05.15-нд нийтлэгдсэн

Хараа голын бургасыг сэргээе

Дархан хотын баруун талаар урсдаг Хараа голын эргийн бургасыг сэргээх санаачилгыг дэмжиж нэгдсэн хөтөлбөр боловсруулж ажиллах шаардлагатай гэж “Ширээ нуруу” багийн иргэдийн хэлэлцүүлэгт оролцогчид санал гаргалаа. 

Байгаль эхээ гомдоож, алс хэтээ боддоггүй хүмүүсийн балгаар Хараа голын бургасыг сүүлийн хорин жилд өвөл хөлдүүгээр нь цавчиж, зун нойтноор нь хугалж зөөгөөд  түлчихжээ. Үүнээс болоод голын хоёр эргийн дагуу арав гаруй км газар битүү үргэлжилж ногоорон шуугидаг байсан бургас, хайлааснаас юу ч үлдээлгүй хожуулыг нь хүртэл ухаж малтаж аваад оронд нь онгорхой хар нүхнүүд үлдээсэнд нь мал адгуус бүдэрч унан гэмтдэг, машин тэрэгний дугуй цөмөрч шигддэг болжээ. Багш Ц.Мөнхбат хэлэхдээ “-Дарханчуудын хамгийн ойрхон амралтын ганц бүс нь Хараа голын эргийн дагуух энэ газар. Хүмүүс урьд нь гол руу заавал унаа тэрэг гэлгүй алхаж ирээд усанд орж сэрүүцэн, эрэг дээр нь наранд биеэ шарж, бургасных нь сүүдэрт тухалдаг байсан цаг алга болсон. Хүүхэд залуус аялал зугаалга хийдэг энэ газар хатаж хувхайран нарнаас халхалж сэрүүцүүлэх юу ч үгүй нүцгэрлээ.Иргэдийнхээ эрүүл амьдралыг тэтгэе гэвэл голын эргийн бургасыг буцааж тарих ажлыг тун яаралтай эхлүүлэх  хэрэгтэй“ гэв. Шинжлэх ухааны доктор Ж.Мижиддорж “-Дархан хотыг тойрсон тариалангийн талбайгаас боссон шороо дээш хөөрөөд хотын гудамжинд бууж тоосоор дардаг.Тэгээд ч гудамжиндаа зүлэггүй хот гэвэл Дарханыг хэлнэ.Уг нь Орос ах нар бүх хорооллыг нэлэнхүйд нь ногоон байгууламжтай хүлээлгэж орхиод буцсан болов ч түүнийг нь машин тэрэг, явган хүмүүс нь дураараа талхлаад дуусгачихсан. Тэхээр хотын дээгүүр хуралддаг энэ түйрэн шороог гол нь голын бургас л намжааж дарна. Бургасыг л сэргээх юм бол хур тундас дуудаж, хотын гудамж цэцэрлэг, барилга байшингийнх нь өнгө зүсийг чийглэг агаараар засаж тэтгэж өгөх олон талын ач тустай” гэж байв.  

УИХ-ын гишүүн С.Ганбаатарын Дархан-Уул аймаг дахь ажлын албаны ахлагч Б.Отгонбаатар санал тавьж “-Дарханд ажилладаг улсдаа ганцхан мэргэжлийн байгууллага Ургамал Газар Тариалангийн Эрдэм Шинжилгээний Хүрээлэнгээ сайн ашиглая. Хараа голыг бургастай болгоход эрдэмтдийн оролцоотойгоор иж бүрэн нөхөн сэргээлтийн  хөтөлбөр боловсруулж  хэрэгжүүлэх шаардлагатай. Голын эргээр мод бургас тарих хөдөлгөөн залуучуудын дунд эхэлсэн. Одоо хүрээг нь тэлж орон нутгийн удирдлагаас иргэдийн санаачилгыг төвлөрүүлэн зангидмаар байна. Байгууллага аж ахуйн нэгж, сургууль, цэргийн байгууллагуудын хүч хэрэгтэй. Хамгийн гол нь тарьж байгаа шинэ суулгацуудыг арчилж тордох эзэнтэй болгож хариуцсан тусгай алба ажиллуулах нь чухал” гэсэн юм.

Ө.РАГЧААСҮРЭН  (Дархан-Уул )

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж