Хуучирсан мэдээ: 2011.05.11-нд нийтлэгдсэн

Бэлтгэл дутуу тулаан

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг кикбоксын шилдэг тамирчдын тулаан боллоо. Дөрөв дэх удаагаа болсон уг тулаан энэ жил 60 кг-ын жингийн шилдэг найман тамирчны хооронд өрнөв. Мөн үүнээс гадна гурван жинд Монголын шилдгүүд Бүх Хятадын аваргуудтай тулалдсан. Монголын тулааны шилдэг тамирчдын холбооноос зохион байгуулсан уг халз тулаан “Аса” циркт болсон бөгөөд нударган зодоог үзэх дуртай цөөнгүй үзэгчид цугласан байв. Харамсалтай нь, Файтингийн энэ өдөр болсон тулаанууд үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж, цөсийг нь хөөргөсөнгүй. Өөрөөр хэлбэл, тамирчид нэгийгээ хүлээсэн, ядруу тулаан болсон гэсэн үг. Бэлтгэл ч дутуу байгаа нь энэ үеэр илт харагдсан. Уг нь бэлтгэл сайн байсан бол дөнгөж гурван минут тулалдаад 10 км гүйсэн юм шиг цуцахгүй л байх. Сонирхогчдын боксоос ч илүү сонирхол муутай тулааныг үзсэн үзэгчид арга ядахдаа “Гоё тоглолт үзье. Сонирхогчийн бокс биш шүү” гэж хашгирч байлаа. 8000 төгрөгөөр тасалбар авсан болохоор үнэдээ таарсан аятайхан тулаан үзэхийг хэн ч бодно. Тиймээс ийм шаардлага тавьсан хэрэг. Тамирчид ерөнхийдөө бэлтгэл муу байсан болохоор тулаан маш богино хугацаанд болж өнгөрснийг хэлэх хэрэгтэй. Ялангуяа кикбоксын 60 кг-ын жинд аваргын төлөө тулалдсан Г.Мөнх-Од, Э.Буянбат нарын тулаан бүр ч уйтгартай. Нэгийгээ хүлээсэн, тэвэрсэн нэг л үлбэгэр тулаан болсны эцэст Г.Мөнх-Од энэ жилийн аваргаар тодров. Уг нь бол Э.Буянбат өрсөлдөгчөөсөө илүү байсан ч шүүгч нар санал нэгтэйгээр Г.Мөнх-Одод ялалтыг өгсөн. Үзэгчдийн хүсэн хүлээж байсан тулаан бол яах аргагүй файтинг. Бүх Хятадын аваргууд монголчуудтай хэрхэн тулалдахыг тэсэн ядан хүлээсэн. Хамгийн инээдтэй нь бүх зүйл нүд ирмэхийн зуур болж дууссанд байгаа юм. Хятад улс хэчнээн хүн амтай билээ. Тэгвэл тэдний аварга гэхээр ямар шилдэг тамирчин байх бол. Энэ асуултыг хүн бүр өөртөө тавьсан. Гэвч ердөө л нэг хормын дотор нөгөө Хятадын мундаг аваргууд нь өчилтөд ороод ялагдах нь тэр. Огт бэлтгэл хийгээгүй юм уу, эсвэл угаасаа ур чадвар муу юм уу бүү мэд. Ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэлгүй “75-аар бууж” өгөв. Юуных нь шилдгүүдийн тулаан байх вэ. Шилдгүүд болох хүсэлтэй хүмүүсийн шоу л байлаа “MGL-1”-ийн тулаан.

Б.Мөнхзул
Зохиогчийн эрх: “Спортын шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж