УИХ-ын гишүүн, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга Засгийн газрын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг өнгөрсөн долоо хоногт УИХ-д өргөн мэдүүлснийг хамтарсан Байнгын хорооны хуралдаанаар өчигдөр хэлэлцэж, шийдвэрээ гаргасан билээ. Уг хуралдаанд оролцсон 26 гишүүнээс 14 нь, сайд Х.Баттулгын хүсэлтийг хүлээн авч, Засгийн газрын гишүүнээс нь чөлөөлөхийг хүссэн бол 12 нь албан тушаалд нь үлдээхийг хүсэж гар өргөсөн. Тэгвэл хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүд сайд Х.Баттулгад хандан юу хэлснийг багцлан хүргэе.
С.Бямбацогт: Мал, малчин хоёр хаягдсан, дэмжинэ шүү
Хамтарсан Засгийн газрын үед буюу 2008-2012 оны хооронд Монголын төр малчдаа дорвитой анхаарч “Монгол мал” хөтөлбөр, Малчдын талаар төрөөс баримтлах бодлого, Хөдөө аж ахуйн биржийн тухай хууль, Мал хамгаалах сангийн тухай хуулиудыг тус бүр баталж тодорхой бодлогууд хэрэгжүүлсэн. Гэвч Засгийн газар өөрчлөгдсөний дараа зарим бодлого зогссон, УИХ дахь МАН-ын бүлэг энэ бүхнийг үргэжлүүлэх санал гаргаж Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтааж өгөхийг хүссэн ч оруулаагүй. Үнэндээ бол өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монголын малчид, мал хоёр үнсэнд унасан шалз шиг хаягдсан. Малчид малаа маллаад, малыг хуц ухна хээлтүүлсний ачаар эдийн засгийн өсөлт өдий зэргийн гарсан. Тийм учраас би “Малыг малчид маллаад, малыг хуц ухна хээлтүүлдэг юм. Засгийн газар мал маллаагүй, мал өсгөөгүй. Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга хоёр мал хээлтүүлээгүй” гэж хэлснийхээ төлөө элдвээр хэлүүлсэн. Би баярлаж байгаа, малчдын асуудлыг ийм байдлаар анхааралд авчирч чадсандаа.
Цаашид бид олон ажлыг үргэлжлүүлж хийх шаардлага байгаа, мал аж ахуйн салбарт. Та чөлөөлөгдөх хүсэлтдээ “Дан дээлтэй болсон хойноо ч салбарынхаа ажлыг дэмжиж ажиллана гэсэн байсан. УИХ дахь МАН-ын бүлэг зогсонги байдалд орсон “Монгол мал” хөтөлбөрийг үргэлжлүүлэхийн тулд улсын төсвөөс тодорхой хөрөнгө зарцуулах хуулийн төслийг санаачилсан, Малчдын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай, Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр олгох тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэхээр бэлтгээд байна. Энэ бүхнийг та дэмжиж ажиллаарай.
Ц.Нямдорж: Удахгүй чи ард түмэнд танигдана
Х.Баттулга Засгийн газраас гарахдаа давхар дээлээс боллоо гэж бодохгүй байна. Ардчилсан намын сонгуулийн мөрийн хөтөлбөр хэрэгжих боломжгүй, эдийн засаг уналтад ороод ирэхээр багаа хаяад зугатаж байна. Энэ бол Х.Баттулгын хийдэг ажил. 2012 онд Ардчилсан нам Засгийн газраас гарахад Н.Алтанхуягаасаа өмнө мэдэгдэл хийх гээд байсан учраас намын дарга нь хууртахаасаа өмнө өрсөж гарахаа мэдэгдсэн. Ийм л сайдтай Монгол Улс зургаан жил боллоо.
Хувийнхаа хөрөнгөөр гурван жилийн хугацаанд төмөр зам барих ажил хийгдэж байсныг сайд болонгуутаа зогсоосон. Засгийн газраас ямар ч мөнгө гаргахгүйгээр хийх ажлыг зогсоосон. Өнөөдөр тэгтэл Чингис бондоос төмөр замд зориулж 450 сая ам.доллар гаргана гээд явж байна. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Х.Баттулга хэн бэ гэдгийг таньчихаад байгаа. Удахгүй чи ард түмэнд танигдана. Мөн ч олон муу юм хийсэн дээ.
Т.Бадамжунайгийн үед Монгол Улс төмс, хүнсний ногоо, гурилаа 100 хувь дотоодоосоо хангачихдаг байсан. Гэтэл чи сайд болоод ургац алдаад импортоор оруулж ирэх 100 мянган тонн улаан буудайг татвараас чөлөөлүүлсэн. Хөдөө аж ахуйн сайдаар ажиллахдаа хийсэн ажил чинь ердөө татвар чөлөөлүүлэлт л байсан. Чи бол сайд нар огцруулах асуудал ярихаар УИХ дээр орж ирдэг, татвар чөлөөлүүлэх болохоор орж ирдэг, мөнгө нэхэх болохоороо Засгийн газрын хуралдаандаа суудаг, бусад үед нь “Баянгол”-доо хэвтэж байдаг ш дээ. Үнэн энэ. Ингэж ажиллаж байгаа, ийм увайгүй этгээд сайдын ажлаа өгч байгаа нь зөв. Түүнийг хамгаалаад байх хэрэггүй. Энэ Засгийн газар түүний тарьсан олон олон балгийг үүрнэ. Энэнтэй ажиллахад үнэн төвөгтэй.
Сая мал аж ахуйн салбарт зөндөө юм хийсэн гэлээ, худлаа. Мал аж ахуйн талаар баримтлах бодлого 2008 онд УИХ-аас батлагдсан юм. Биржийн тухай хуулийг Т.Бадамжунай надаар засуулаад, дараа нь биржийг байгуулсан. Ноос, ноолуурт урамшуулал олгох хөтөлбөрийг Д.Балдан-Очир УИХ-ын гишүүн байхдаа эхлүүлж, ажил хэрэг болгосон юм шүү.
С.Дэмбэрэл: Ажил нь унаад сайдаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй
Бид аливаа зүйлийг үр дүнгээр үнэлэх ёстой. Мал аж ахуй, газар тариалангийн салбарт хийх ажлыг ганц Х.Баттулга хийхгүй, маш олон хүний хөдөлмөрөөр бүтнэ. Өнөөдрийн бидний гол ярих асуудал нь яагаад энэ хүн ажлаасаа чөлөөлөгдөх болж байгаа юм бэ, энэ нь ажилтай нь холбоотой юм уу, УИХ-ын гишүүнийх нь ажилтай холбоотой юм уу гээд нюанс гарч ирнэ. Хийсэн ажлын төлөвлөгөөг харахаар, жишээ нь Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор барихад 13.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдээд 150 тэрбумын биет ашиг орлоготой байх судалгааг гаргаж… Өнөөдөр эдийн засгийн өсөлт 11.7 хувьтай гарсан байгаа бол 2018 оны эцэст өсөлт 22.8-27.2 хувьд хүрэх тооцоо байна, үйлдвэрлэл хөдөө аж ахуйн салбарт хийх ажлын тоон үзүүлэлтээр. Үндэсний статистикийн хорооноос гаргадаг мэдээлэлд энэ бүхэн батлагдсан байгаа. Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд өргөдлөө өгсөн байна, гэхдээ ажил нь унаад өгөх хүсэлт гаргажээ гэж харагдахгүй байна. Эндээс давхар дээлээ тайлах эдийн засгийн шалтгаан байхгүй байна. Тийм учраас энэ бүхнийг бодитой хандаж шийдвэрээ гаргах ёстой.
Д.Ганбат: Засгийн газар сайдуудынхаа тоог цөөлөх ёстой
Хүнийг хараар будна будна гэхэд хэтэрч байна. Монголын улстөрд 1990 оноос хойш өөрийн хүсэлтээр сайдынхаа суудлаас огцордог соёл хэзээ гарсан юм. Бид энэ хугацаанд “Хөгжилтэй орны сайдууд өөрсдөө огцрохоор асуудлаа тавьдаг гэнэ ээ” гээд ярьдаг байсан. Өнөөдөр тэгвэл тэр соёлыг манай Тулга сайд харуулж байна, чадаж байна. Үүнийг зөв унших хэрэгтэй.
2008 онд Бээжингийн олимпоос Монгол аваргууд төрсөн, түүнийг хэн хийсэн юм энэ хүн хийсэн.
Гадаадын жуулчид ирэхээрээ үзэх харах юмгүй буцдаг байсан. Ямарсайндаа л япон эмэгтэй Өвөрхангай хүртэл яваад “Яах гэж намайг энэ хүртэл явуулж байгаа юм бэ. Үзэж харах юм алга” гэж хэлж байсан гэдэг юм билээ. Тэгвэл одоо Улаанбаатар хотоос холгүй Цонжинболдог цогцолборыг байгуулж, ирсэн жуулчдад үзүүлэх юмтай болгож, нүүр тахалж байна. Юу нь буруу юм.
Монгол Улс 200-300 жил Манжийн дарлалд байсан, дараа нь 70 жил ЗХУ-ын хараат байсан. Улмаар 20 жил МАХН буюу МАН тоглоод өнгөрсөн. 20, жил, 70 жил, 200, 300 жилийн юмыг хоёрхон жилийн дотор өргөс авсан юм шиг сайжруулж чадахгүй. Гэхдээ Ардчилсан нам ухаалаг төртэй болох ёстой, сайд нарынхаа тоог цөөлөх ёстой, энийг сайд Х.Баттулга хийх гэж байна.
Ц.Дашдорж: Төмөр замын ажлыг зогсоосон
Төмөр зам, аж үйлдвэрийн паркийн тухай олон жил ярилаа. Салгаж ойлгохын аргагүй асуудал. Эдийн засгийн өрөөсгөл бүтэцтэй Монгол орны хувьд уул уурхайн баялаг дээрээ тулгуурлаж, боловсруулах үйлдвэр байгуулж байж эдийн засгаа өөдтэй авч явах бодит бололцоо нь хангагдах ёстой. Хувийн хэвшил хөрөнгөө гаргаад төмөр зам барьж, 19 жилийн дараа 51 хувийг төрд үнэ төлбөргүй өгөхөөр ажил нь эхлээд явж байсныг 2012 оны сонгуулийн дараа хүчингүй болгож, ажил унагачихсан. Энэнээс болоод 2014 онд ашиглалтад орох ёстой байсан төмөр замын ажил удааширсан. Ерөнхий сайд 2015 онд шинэ төмөр замыг ашиглалтад оруулна гэж ярьж байна лээ, чадахгүй. Яагаад гэвэл мөнгөгүй. Төрд илүүдээ гарсан мөнгө байхгүй. Одоо Концессын асуудал руу оруулж ирэх гэж байна.
Хоёрдугаарт, төмөр зам яагаад аж үйлдвэрийн парктай холбоотой вэ гэхээр Тавантолгойгоосоо нүүрс тээж байж, Сайншандад кокс үйлдвэрлэж гангийн үйлдвэрийг хөгжүүлэх ёстой. Хөгжлийн том бодлогыг хэрэгжүүлэхэд үе үеийн Засгийн газар залгамж чанар гэдэг юмыг анхаарахгүй бол ажил унахын жишээ энэ болсон.
М.Зоригт: Тулгаа сайдын салбар сайн яваа
Тулгаа сайдын хариуцсан салбар сайн яваа. Сүхбаатар аймгаас сонгогдсон гишүүний хувьд хөдөөгийн иргэдийн амьдралд ямар чанарын өөрчлөлт гарч байгааг би мэднэ. Ямар ч л байсан ажлын дутагдал биш. Сайдаасаа огцрох асуудал тавьсныг гишүүд өөр агуулгаар яриад байна. Монгол Улс өнөөдөр улстөрийн ч, эдийн засгийн ч амаргүй нөхцөлд байна. Нэн яаралтай арга хэмжээ авч эдийн засгаа мөнгөжүүлэх, хөрөнгө оруулалтаа шийдвэрлэх шаардлагатай. Цөөнх нь олонхидоо хариуцлага үүрүүлэх биш, цөөнх нь олонхитойгоо гуравны хоёроос дээшхи зөвшилцөл хийгээд хүндрэлээс улсаа авч гарах ёстой. Цөөнхийн бүлэг олонхидоо итгэхгүй байгааг би маш сайн ойлгож байна. Улсын төсвөөс гадуур, том том хөрөнгийг хоёр гуравхан хүн шийдэж байна. УИХ хяналтын үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа.
Чингис бондын зарцуулалтын талаар Ерөнхий сайд хэдэн өнгөтэй хуудас харуулаад гараад явчихдаг, олон, олон ээдрээтэй асуудалд шууд хариулж чадахгүй байгаа.
УИХ нь УИХ шиг, Засгийн газар нь Засаг шигээ ажиллахгүйгээр энэ улс цаашаа явахгүй. Олонхи цөөнхийн хороонд итгэлцэл бий болохгүй.
Өнөөдөр олонхийг бүрдүүлж байгаа Ардчилсан намын удирдлагууд энэ чиглэлд огт юу ч хийхгүй байгаад би харамсдаг. Цөөнхөд хандаж хэлэхэд, олонхийн бүлэгтэй тэр зөвшилцөл рүү яваач ээ. Олонхийн бүлгээс маш олон гишүүн засаг төр зөв байгаасай, Засгийн газар зөв бүтэцтэй байгаасай, хийж чаддаг нь сайд байгаасай гэж үзэж байгаа. Тэр агуулгаар Тулгаа сайд суудлаа өгч байгаа болохоос биш, өөр зүйлгүй болов уу.
Д.Сумъяабазар: Хариуцлагагүй сайдуудыг хариуцлагатай болгох гэсэн үйлдэл
Өнөөдөр зөвхөн Х.Баттулга сайдтай холбоотой асуудлыг ярьж байна гэж бодож болохгүй. Ерөнхийлөгчийн санаачилсан хууль болон хариуцлагагүй сайд нарыг хариуцлагатай болгох гэж ийм үйлдэл хийж байгаа гэж ойлгож байна. Ялангуяа 2014 оны төсвийн хуулийг хэлэлцэх үеэр долларын ханшийг 1384 гэж оруулж ирсэн сайд нар байгаа. Өнөөдөр ханш 1818 хүрсэн байна. Тийм учраас эдийн засгийг өөд нь татах, үнийн өсөлтийг бууруулах алхмыг хийж байна гэж ойлгож байна. Хариуцлага алдсан сайдууд онцгой анхаарах ёстой. Дампуу Засгийн газрын, дампуу бодлого ард иргэдийн амьдралыг сүйрүүлж байна.
Ж.Энхбаяр: Х.Баттулга сайдыг огцруулж болохгүй
Х.Баттулга сайдыг огцруулж болохгүй, ажлаас нь чөлөөлж бүр болохгүй. Улстөрийн амлалт хариуцлага гэж байдаг бол энэ хүнээр ажлыг нь хийлгэх ёстой. Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор төсөл гэж цаас л байна. Хэдэн жилийн өмнө ийм л байсан өнөөх л хэвээрээ. Энийг энэ хүн хийнэ гэж сонгуульд орсон, ялалт авсан.
Хөдөө аж ахуйн салбар сайн сайхан байгаа тухай ярьж байна. Эдийн засаг хүндэрсэн үед малчид гайгүй давах бололцоо бүрдэж байна. Энэ нь өнгөрсөн парламентын үед буюу өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд төрөөс малчдаа бодлогоор дэмжиж ажилласны үр дүн. Бид малчдын хоршооны асуудлыг эхлүлсэн, Хөдөө аж ахуйн биржийн хуулийг батлуулж, ажлыг нь бид эхлүүлсэн. Ноос, ноолуур, арьс ширэнд урамшуулал олгодог төслийг бид УИХ-аар батлуулж эхлүүлсэн юм. Үүний үр дүнд малчид амьсгаа авч, өнөөдрийн хямралыг давж гарах боломжтой болж байгаа.
Харамсалтай нь, олонхи сүүлийн хоёр жилийн хугацаанд яаж сүйрүүлэв. Монголын эдийн засаг өөрөө, өөрийгөө аваад явж байсныг авч явах чадваргүй болгосон. Одоо өр тавихаас аргагүй тухай ярьж байна, энэ чинь ирээдүйгээ худалдана гэсэн үг. Засгийн газар өнөөдөр тархи угаалт дээр тогтож байна. Танай сүгсэлзэрүүд яаж сүгсэлзэж, халаа сэлгээг хавтгай хийж байна вэ. Энийг та нар цэгцлээд явах ёстой. Улс орноо бодох цаг ирсэн.
Г.ДАРЬ