Хаврын тариалалтыг Хөвсгөл нутгаас дөрөвдүгээр сарын 27-нд түүчээлсэн бол улсын хэмжээнд энэ сарын 1-нээс эхлүүлсэн. Энэ жил 375 мянган га талбайд үр тариа тариалахаас 304 мянган га-д улаан буудай, 15.5 мянган га-д төмс, 8.1 мянган га-д хүнсний ногоо тариалахаар төлөвлөжээ.
Хаврын тариалалтад нийт 48 мянган тонн буудайн үр шаардагдах бөгөөд үрийн бүх бэлтгэлийг хийж, ийнхүү тариалалтыг эхлүүлсэн байна.2008 онд Атрын III аяныг өрнүүлснээс хойш үрийн шинэчлэлийг газар тариаланд хийгээгүй бол энэ жилээс хийж байгаа. Үрийн шинэчлэлээр хойд хөршөөс гурван төрлийн үр авсан бол тариаланчдын авах үнийн хувьд нэг тонн элит үрийг 880 мянган төгрөг, нэгдүгээр репродукцын үрийг 830 мянган төгрөг, дотоодын үрийг 680 мянган төгрөгт тогтоосон. Тариаланчдыг дэмжихээршаардлагатай үр тарианы төлбөрийн 20 хувь, шатахууны 50 хувийг, ургамал хамгааллын бодисыг 30 хувийн урьдчилгаа төлбөртэй зээлээр өгсөн. Харин намар ургац хураалтын үеэр үлдсэн төлбөрөө буудай тушаах байдлаар төлж барагдуулах юм. Мөн энэ жил улаан буудайн үнийг эрт зарласан бөгөөд нэг тонн улаан буудайг намар 460 мянган төгрөгөөр Тариалан эрхлэлтийг дэмжих санд авахаар болсон. Үүн дээр буудайн урамшуулал болох 100 мянган төгрөгийг тариаланчдад нэмж олгох юм.
Ийнхүү тариалалтын явцын талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн, улсын ерөнхий агрономич Б.Одонхүүгээс тодрууллаа.
-Тариалалт одоо ямар явцтай байна вэ?
-Улсын хэмжээнд энэ жил тариалалт тавдугаар сарын 1-нээс эхэлсэн. Одоогийн нийт тариалангийн бүс нутгаар 47.7 мянган га талбайд үр тариа, 1.5 мянган га-д төмс, 0.8 мянган га-д хүнсний ногоо тариалаад байна. Тавдугаар сарын 25-нд дуусгах төлөвлөгөөтэй хаврын тариалалтын явц 15 хувьтай байна.
-Тариалалтын явцаар аль аймаг сайн байгаа вэ?
-Хаврын тариалалтыг Хөвсгөл аймгаас эхлүүлсэн гэдгээрээ тус аймгийн тариалалт сайн байна. Хөвсгөл аймаг нийт тариалалтынхаа 65 хувийг, Архангай аймаг 40 хувийг тариалснаар тэргүүлж байна.
– Бэлтгэлийг бүрэн хангаж байж тариалалтыг эхлүүлсэн байх. Гэвч явц дунд шатахууны эсвэл тоног төхөөрөмжийн хэрэгцээ, шаардлагыг нөхөх хандлага ажиглагдаж байна уу?
– Энэ хаврын тариалалтад нийт 5000 тонн шатахуун шаардлагатай. Тоног төхөөрөмж, шатахууны бэлтгэлийг бүрэн хангасан. Ямарваа асуудалгүй. Тариалалт одоо цаг агаарын хүчин зүйлээс л шалтгаална.
У.БОЛОР