Хуучирсан мэдээ: 2014.05.15-нд нийтлэгдсэн

Байхын зовлон

 “Буянт-Ухаа 1” хороололд 9200 айлын орон сууц барихаас эхний 1764 нь ашиглалтанд орж, түлхүүрээ гардахаар болсон биш “Байхгүйн зовлонгоос байхын зовлон”-д үүсгэв. Улаанбаатар хотын айл өрхийн 60 хувь нь гэр хороололд оршин суудаг, угаасаа хэрэгцээ ба нийлүүлэлтийн хэт зөрүү олон жилээр хуримтлагдсан нөхцөлд Буянт-Ухаа хороололд байртай болох сонирхол бүр их байна. Ам метр нь дундчаар хоёр сая төгрөг орчимд байгаа зах зээлийн ханшаас илэрхий хямд буюу нэг сая 280 мянгаар үнэлэгдсэн, үйлчилгээ, худалдаа нь төвлөрсөн, цэвэр агаарын бүсэд байрласан Буянт-Ухаа хороололд оршин суух сонирхлыг өсгөжээ. Н.Алтанхуягийн Засгийн газрын, алдарт Чингис бондын үр өгөөжөөс олон иргэндээ шууд хүргэсэн, гарт баригдаж нүдэнд харагдах бүтээн байгуулалт нь Буянт-Ухаа болж байна. Монголдоо бүтээж болдогийг баталж буй нь бас нэг үнэ цэнэ нь юм. Удахгүй үүдээ нээх цементийн шинэ үйлдвэр, өргөтгөл орон сууцны үнэд нөлөөлдөг гол бүтээгдэхүүний хувьд импортын хараат байдлаас гарах, хямдруулах боломж нэмнэ. Эдийн засгийн хүндрэлтэй үед иргэн, өрхөд хаягласан хорооллыг үндэсний таван компани богино хугацаанд барьж босгож, нийт 9200 орон сууцнаас эхний ээлжинд 1764-ийг ашиглалтанд оруулсанаараа үнэ цэнэтэй, тэр хэрээрээ эрэлт хэрэгцээтэй, мэдээж бүгд сугалаанд хожихгүй учраас хэл ам гарна. Хамгийн гол нь байр “байхгүйн зовлон”-гоос байртай байхын зовлон илүү дээр. Эхний ээлжинд 1764 орон сууц бэлэн болж, 9094 хүн захиалга өгсөнөөс 5935 иргэн сугалаанд оролцжээ. Бүгдээрээ сугалаанд хожихгүй учраас хуваарилалт нь хүн бүрт таалагдахгүй. Ардчилал муу тогтолцоо ч түүнээс илүүг хүн төрөлхтөн бодож олоогүй байна гэдэг шиг сугалаанаас өөр гарц эхний ээлжинд алга. Харин сугалаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, 35 хүртэлх насны залуучууд, төрийн албан хаагчид оролцох эрхтэй гэж хязгаарлаж өгсөн. Үндсэн гол болзол нь энэ хүмүүс байргүй байгаад байртай болох ёстой. Гологдсон гэгдэх хувийн хэвшлийн дунд эргэм насныхан урьдчилгаа төлбөрөө бүрдүүлэх, зээл авах чадамж нь илүү. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настнуудын хувьд төрийн бариулсан хорооллоос өөр газарт зээлээр орон сууцтай болох арга зам огт байхгүй. 35 хүртэлх насны залуу өрх нэмэгдээд нийт орон сууцны 40 хувийг эзлэх зорилтот бүлэг бүрдэж байна. Төрийн албан хаагчид 60 хувьд нь орно гэдэг нь өнгөц төсөөллөөр шүүмжлэхэд түшмэд мэт боловч үндсэн гол цөм нь цалингаас цалингийн хооронд амь зуудаг багш, эмч, сувилагч, цагдаа гэх мэт хэсэг бүлэг. Багш, эмч, сувилагч зөвхөн төрийн үйлчилгээний албан хаагчидтай гэрлэх хуульгүй. “Чи тэр ардын засагтайгаа яв. Чи тэгвэл тэр хүргэн ахтайгаа яв” гэж “Өглөө” кинон гардаг шиг өнөөдөр эрхэлдэг ажил, нийгмийн байр сууриар нь гэрлэлт хязгаарласан орчин байхгүй. Эхнэр нь сувилагч, нөхөр нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг байхад Буянт-Ухаагийн болзлыг хангана. 35 хүртэл насны залуу, гэр бүлийн аль нэг нь хөгжлийн бэрхшээлтэй, эсвэл эмч, багш, сувилагч, цагдаа, хорооны нийгмийн ажилтан байхад хамрагдах бололцоо нээлттэй. Багш биш бол залуу гэдгээрээ болзол хангана. Залуу биш бол багшийн ажлаараа эрхээ авна гэсэн үг.


Америкт моргейж, Европт ипотек гэж хэлдэг “Ажилтай бол байртай болох, цалинтай л бол сууцтай байх” хууль 2009 онд батлагдсан ч дөрвөн жилийн дараа хэрэгжиж эхэлсэн. 2012 оны сонгуулийн өмнөх зургаан хувийн хүүтэй, зуун мянган айлын орон сууц хөтөлбөр сонгуультайгаа хамт дуусгавар болсон учир нь ерөөсөө ипотек, моргэйж биш байсанд оршино. Тавин тэрбум төгрөг төсөвт суулгаад, зүгээр л шинэ орон сууц бөөнөөр зарсан ажил. Үл хөдлөх  хөрөнгөөр баталгаажсан зээлийн гэрээнүүд нь багцлагдаж үнэт цаас болж, түүнийг нь хөрөнгө оруулагчид худалдаж аваад, тэтгэвэр, даатгал, эрүүл мэндийн сангийн үлдэгдлийг ашиглаад байдаг нь хоёр дахь зах. Засгийн газрын тогтоолын хавсралтанд нэрс нь жагсаагдсан компаниудын орон сууцыг үнэ нэмэгдүүлэн бөөнөөр зарах арга ч байсан гэж болно. Бодит хүү 13% байхад 6 хувьтай зээл өгчихөөр зөрүү 7-г нь байртай, байргүй бусад бүх хүн талх авахад дотор нь шингээстэй татвараараа торгууль төлсөн гэсэн үг. Танихгүй айл байранд ороход Та өмнөөс нь төлөх ёстой байсан учраас стандарт бус хөтөлбөр байсан юм. Буруу эхэлсэн зүйл дундаа зөв боллоо ч  буруугаараа дуусдаг. Зөв эхэлсэн бол дундаа буруу алдаа гарлаа ч зөв үр дүнтэй болдог нь логик.  


Найман хувийн хүүтэй зээл бол хэмжээ хязгаартай мөнгө төсөвлөөд, тэр нь дуусахаар таг зогсох борлуулалт биш учраас зогсолтгүй үргэлжилж байна. Хуучин, шинэ байр авахыг нь ч, барьдагийг ч нь дэмждэг хөшүүрэг бол Н.Алтанхуяг, Н.Золжаргалын ШБОС биш, дэлхийн тогтоц,  зүй ёсоор нь эхлүүлчихэд өөрөө явчих ажил. Монгол айл өрхийн дөчин хувь нь нь халуун хүйтэй устай, паалантай жорлон, паартай байшинд, 70% нь орон сууц хүссэн хураагдсан их эрэлттэй. Үнэ нь орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн харьцаагаар тогтоогдох ёстойгоос бус 8 хувийн хүүтэй зээлээр өсгөж бууруулдаггүй, бүгдийг нь хямдруулах үүрэггүй, бүгдээрээ үнэгүй сууцанд орох учиртай ч хэзээ ч үл биелэх социализмын мөрөөдөл ч биш. Байраа алдахгүйн тулд, ахиж сайжруулахын тулд завгүй ажилладаг, ашгаа нэмэхийг хичээдэг хүмүүс олширч, тэр хэрээр нийгэм ажилгүйдэл, ядуурал, архидалт, гэмт хэрэг зэрэг асуудал бэрхшээлээ даван туулж, дунчдуудын эгнээ зузаардаг механизм юм.  Барилгын материалаа өөрсдөө үйлдвэрлэхгүй бол  орон сууцны нийлүүлэлтийг дэмжих мөнгө нь эхний ээлжинд юань, доллар болоод Хятад руу гарахаас ч өөр аргагүй байсан. Хөргөгчинд мах гурил байхгүй бол бантан хийхийн тулд дэлгүүр явахтай адилхан барилгад цемент, арматур авчрах хэрэгтэй болсон. Одоо цементийн үйлдвэр барих, өргөтгөх 2-3 төсөл хэрэгжиж байна.


Байхын зовлонгоор наадагсад Америкийн моргэйжийн хямралаас түрүүлж айгаад зүрх нь өвдөж, нойргүй хонож байгаа шахуу зүйл ярьж буй. Америкт  урьдчилгаа төлбөрөө тэглэж байгаад 300 сая хүнийг 100 хувь байртай болгочих шахаад архичин, хар тамхичин, ажилгүй залхуу нь үлдчихсэнд асуудлын гол нь оршино. Бөмбөгөрийн бөбөөчинд байр хэрэггүй, эмчилгээ хэрэгтэй гэсэн энгийн шаардлага шүү дээ. Америк шиг болж аваад аймаар гоё хямрахсан. Байхгүйн зовлонгоос байхын зовлон дээр.


Д.БОЛОРТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж