Тархиа тэжээцгээе, монголчууд аа

Хуучирсан мэдээ: 2014.05.15-нд нийтлэгдсэн

Тархиа тэжээцгээе, монголчууд аа

Улс орны хөгжил дэвшлийг аль талаас, ямар нүдээр харах нь  харьцангуй ойлголт гэвэл  хөгжлийн хэмжүүр  нь чухам юу байж таарах вэ. Эдийн засгийн  өсөлт бууралтыг илэрхийлсэн хэдэн тоон үзүүлэлт үү, эсвэл  иргэдийнх нь ухамсар хийгээд ёс зүйн асуудал уу.  Интернетгүй, гар утасгүй, твийттер, фээсбүүкгүй өнгөрсөн үеэ өнөөдрийн нүдээр харвал Монгол гарцаагүй хөгжиж байна. Тэнгэр баганадсан сүрлэг биш юмаа гэхэд нүд хужирлах гоёмсог шилэн барилгууд баригдаж, Улаанбаатараас өглөөдөө гараад давхихад өдөртөө л Баянхонгор ордог болсон. Ухаалаг утасгүй хүн, унах унаагүй айл Монголд цөөхөн гээд  материалаг  ахуй талаас нь тодорхойлох юм бол монголчуудын амьдрал  сайжирсан гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой.  

Гэвч  бид тэгтлээ их хүсч тэмүүлж байсан хөгжил рүүгээ очсон тохиолдолд  эргээд амаа барих хэмжээнд хүрэхгүй гэх баталгаа байна уу. Хүн чанар, ёс зүйн талаас нь дүгнэх юм бол монголчуудын оюуны хөгжил зуун жилээр ухарсан гэхэд гэмгүй биз. Ходоодоо, түрийвчээ дүүргэх гэсээр байгаад оюун санааны өлсгөлөнд хөгшин залуугүй, баян ядуугүй орчихсон байна шүү дээ. Харамсалтай нь, талх яаж худалдаж авах вэ гэхээс тархиа “хооллоё” гэдэг хүн  манайд ерөнхийдөө цөөхөн болсон. 

Хар л даа, сошиал ертөнцөд ч, гадаа гудамжинд ч, улс төр , айл гэр, албан газраар дүүрэн нэг л их омогшсон, уурласан, бухимдсан хүмүүс байгааг. Нийгэм тэр чигээрээ стресст орчихсон, тэрэндээ бухимдсан хүмүүс өөрсдийнхөө дотоод ертөнцийг хэрхэн сүйтгэж байгаагаа ч ялгаж харахаа больсон байна. Ах захын ёс, нас хүйсний ялгаа бол аль хэдийн алдагдчихсан. Ахмад хүнээс айж ичдэг залуус  байна уу. Аав ээж, алаг үр, амраг ханиа хайрлаж чадахгүй байгаа хүмүүс яаж ч ухамсар ёс зүйн дээд хэмжээнд төлөвшсөн бие хүн болж чадах вэ. Төрсөн эцэг эх, үр хүүхэд хань ижил хамаатан саднаа зодсон нүдсэн, алсан талсан хэрэг сонин хэвлэлийн хуудаснаас салахаа байснаас үзвэл Монголын нийгэм дэх оюуны хоосрол гэмт хэргийн үүр уурхайн үндэс нь болж байгаа юм биш үү.

Уурын мунхаг гэж монголчууд ярьдаг. Яг  тиймэрхүү мунхаг бодолтой хүмүүстэй  алхам тутамд таардаг. Би,та хэнч ялгаагүй тэдний нэг байхыг үгүйсгэхгүй. Машинтай явахад ч, явган алхахад ч, интернэтэд орсон ч тэр  үг сөрсөн, хэрүүл өдсөн процесс байнга  өрнөж байдаг нь хэвийн үзэгдэл болсон шүү дээ. Явган хүний замаар хээв нэг давхих жолоочид  шаардлага тавиад үзээрэй дээ. “Яг даа,  морио” гээд “салаавч” үзүүлэх биз. Ядаж байхад телевизээр гаргаж байгаа реклам сурталчилгаа, кино жүжиг нь хүртэл бөөн стресс, хараал зүхэл, уур унтуу.

Хүүхэд барьцаалж, хүн алсан, хүний толгойг тасалсан, бие биенээ шалзалсан, түлсэн гэх аймшигтай хэргүүдийн эх үндэс ч энэ их уур уцаар, оюун санааны ядуурал гэдэг нь ойлгомжтой. Өөрийгөө ч таньж амжаагүй залуус материаллаг ахуйг шүтсэн энэ нийгмийн том золиос болж байна. Энэ оюуны өлсгөлөн нийгмийг, ирээдүйг маань тэр чигээр залгихаар, монголчуудын үнэт зүйлийг нь сэмхэн хулгайлсаар байгааг сануулъя. Ном уншдаггүй, сонин гарчигладаггүй, хов жив хөөцөлдөж, мухар сүсэгт автсан хүмүүсийн тархийг  нь тэжээхгүйгээр нийгмийн хөгжлийн тухай ярих ч хэрэггүй биз.

Яг үнэндээ, өнөөдрийн Монголын нийгэмд ходоод нь өлсгөлөн хүнээс илүү тархи нь өлссөн нөхдүүд цөөнгүй бий. Бурханаар бөөлждөг Хөвсгөлийн бүсгүйгээс эхлээд дэлхий сөнөнө гэж иргэдийг айлгаж байгаад номоо борлуулчихсан “Орифлейм”-ын сэргэлэн хатагтай, Арго багш, “Аура” төвийн захирал гээд л. Тэдний  үгэнд хууртаж байгаа нийгэм  ч оюуны хоосролд орчихсон гэдэг нь ойлгомжтой. Яахаараа Б.Сарандаваа зөнчийн лекцэнд суувал баяжина гэж итгэдэг байна аа. Бурханаас өдөр болгон сугалаанд хожуулж өгөөч гэж гуйдаг залууд бурхан “чи ядаж л нэг удаа сугалаа худалдаад авчихаач” гэдэг онигоо шиг.

 Хүн чинь гараа, тархиа ажиллуулж байж сайхан амьдардаг юм байгаа биз дээ. Түүнээс Б.Сарандаваагийн лекцэнд сууснаар амархан хөлждөг бол Монгол шиг баян иргэдтэй улс дэлхийд байхгүй байсан байлгүй. Сүүлийн жилүүдэд монголчууд байгаль дэлхийгээсээ энерги авахыг чухалчилдаг болсон. Хамрын хийд явж, ээж модонд мөргөж, Хөвсгөл далайд аялж, уул хаданд авирч, үнэндээ амралт зугаалгаа байгалийн сайханд өнгөрөөхийн буруу нь юу байх билээ. Байгаль дэлхий, уул ус, нар салхинаас хүн эрчим хүч авч цэнэглэгддэг нь үнэн. Хамгийн гол нь хэн нэгнийг мухар сохроор дагаж, Хамрын хийд оччихвол хамаг ажил бүтнэ гэж бодож байгаа бол битгий яв. Тиймэрхүү мухар сүсэгтнүүдээс болоод байгаль дэлхий бохирдож буй нь бас нэг оюуны төөрөгдлийн тод жишээ болсоор байна. Уул ус, хангай дэлхийгээ бохирдуулчихаад түүнээсээ энерги авна гэж саналтгүй. Уул ус, ой мод, газар шороо болгон амьтай гэдэг.

 Кинон дээр гардаг шиг “хойд туйлд хонин гүрвэл болж төрнө” гэдэгт итгэх хүн Монголд цөөнгүй байгаа, Оюунгэрэл хатагтайгаас авахуулаад л. Шинжлэх ухаан "дэлхий сөнөхгүй" гэдгийг баталсаар байхад Оюунгэрэлийн үгэнд орж авдар лаа, авдар шүдэнз, гэр хүртэл худалдаж аваад шатсан хүмүүс бий шүү дээ. Эх түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил гэдэг. Тэгвэл эх түүхээ байтугай өөрийнхөө мөн чанарыг, сэтгэл зүрхийг таньж чадахгүй байгаа залуус хэн болох вэ?

 Тэгэхээр хэт материаллаг ахуйгаас үүдэлтэй иргэдийнхээ оюун санааны хоосрол, нийгэмд түм буман сөрөг үзэгдэл дагуулдаг гэвэл үүнийг эмчлэх хэрэгтэй цаг нь оройтож байж ч болох юм. Энэ асуудал өнөөдөр төр засгийн хэмжээнд боддлогын төвшинд яригдах том сэдэв болжээ гэж харагдаж байна. Бүгд байг гэхэд ядахдаа олонх нь нийгмийн харилцаа, хүний ёс жудаг, орчлонгийн мөн чанарын тухай зөв төсөөлөлтэй болох ёстой бус уу. 

Хүүхэд байх үед “Хүмүүжлийн цаг” гэдэг хичээл ордог байсныг санаж байгаа хүн олон бий байх. Ангийн багштайгаа хүмүүжлийн тухай яриа өрнүүлж, нийгмийг харилцаанд хэрхэн орох талаар томоохон мэдээлэл, мэдлэг олгодог байсан тэрхүү “Хүмүүжлийн цаг”-ийг орчин үеийн хичээлийн хөтөлбөрт оруулахад болохгүй нь юу байна. Хүн болох багаасаа гэвэл зөв хүмүүжилтэй, эрүүл ухамсартай, ёс зүйтэй иргэн бэлтгэхийн тулд  боловсролынхоо системийн гадна энэ асуудлыг үлдээж боломгүй мэт.   Үнэндээ бол  ходоод хонхолзохоос илүү өлсгөлөн тархи нийгэмд хамгийн их гай тарина. Тархины тураалд орсон иргэдээ цэнэглэхийн тулд Монголын төр томоохон хөрөнгө  оруулалт хийх ёстой.

Улс орны хөгжил  дэвшил нь тухайн үеийн нийгмийн сэтгэл зүй, элитүүдийн үзэл бодлоор хэмжигддэг гэвэл  оюун санааны өлсгөлөнд автсан Монголын нийгмийг эрүүлжүүлэх элитүүд нь тэгээд хаана байна, хэн байна. 

Ж.НЯМСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж