Өсвөрийн сагсчид Польшийг зорилоо

Хуучирсан мэдээ: 2014.05.14-нд нийтлэгдсэн

Өсвөрийн сагсчид Польшийг зорилоо

Ерөнхий боловсролын 33 дугаар сургуулийн хөвгүүд, 87 дугаар сургуулийн охидын сагсан бөмбөгийн баг тамирчид Польш улсын Плоцк хотноо нөхөрсөг тоглолт хийхээр өнөөдөр эх орноосоо мордлоо. Монголын биеийн тамир спорт сонирхогчдын холбоо, Баянзүрх дүүргийн Засаг дарга болон тус дүүргийн Биеийн тамир спортын хороо хамтарч өнгөрсөн хоёрдугаар сараас дөрөвдүгээр сарын 19-ний өдөр хүртэл нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд сагсан бөмбөгийн лигийн тэмцээнийг зохион байгуулсан юм. Хоёр сарын турш үргэлжилсэн өсвөрийн сагсан бөмбөгчдийн лигийн аварга шалгаруулах тэмцээнд хөвгүүдээс 33 дугаар сургууль, охидоос 87 дугаар сургуулийн баг тамирчид түрүүлсэн юм. Энэхүү тэмцээнд түрүүлсэн баг тамирчид Польш улсын Плоцк хотын баг тамирчидтай нөхөрсөг тоглолт хийх эрхээр шагнажээ.

 


 Харин өнөөдөр өсвөрийн сагсчид эх орноосоо мордож, Польш улсыг зорилоо. Баг тамирчид Герман улсад буугаад,  үргэлжлүүлэн Польш улсын Плоцк хотыг зорих юм. Манай тамирчид Польшийн Плоцк хотын өсвөрийн шигшээ баг тамирчидтай нөхөрсөг тоглолт хийх ажээ. Баг тамирчидтай БЗД-ийн орлогч дарга Т.Баясах, Монголын биеийн тамир спорт сонирхогчдын холбооны тэргүүн Б.Дашдорж, мөн сургуулиудын удирдлагууд дасгалуулагчид гэсэн албаны бүрэлдэхүүн явж байна.

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж