“Энэ бүхэн газрын баялгаас илүү үнэтэй”

Хуучирсан мэдээ: 2014.05.14-нд нийтлэгдсэн

“Энэ бүхэн газрын баялгаас илүү үнэтэй”

Монгол уран бичлэг, монгол гэр урлалын зан үйлийг хүн төрөлхтөний соёлын өвд бүртгэсэн ЮНЕСКО-гийн батламжийг Монгол Улс албан ёсоор хүлээн авсныг тус байгууллагын Монголын үндэсний комиссын дарга, Гадаад харилцааны сайд Л.Болд өнөөдөр Спорт, соёл урлаг, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлд гардууллаа.

Хүн төрөлхтөний оюун, соёлын ай савд тод өнгөөр ялгарах нүүдэлчдийн өвийг өнөө хүртэл тээж ирсэн монголчууд бид үүгээрээ бахархахаас гадна өв, соёлоо хамгаалах, хөгжүүлэх үүргийг НҮБ, цаашлаад хүн төрөлхтөний өмнө хүлээн авч байгаа гэдгийг батламж гардуулах ёслолын үеэр Гадаад харилцааны сайд Л.Болд онцолсон юм. Нүүдэлчдийн ахуй амьдрал, байгальтайгаа эвлэн зохицож ирсэн олон мянган жилийн ур ухаанаас үүдэлтэй монгол гэр хэмээх сууц дэлхийн хаана ч, аль ч үндэстэнд байхгүй гэдгээр бид бардамнан бахархах нь зүй ч цаашид энэхүү соёлоо бүрэн бүтнээр нь авч үлдэх үүргийг даяаршлын эрин зуун биднээс шаардаж буй. Мөн өөрийн хэл, бичигтэй, түүхтэй, тусгаар улс, бие даасан үндэстний маань хувьд оюуны соёлын нэг хэсэг болох монгол уран бичлэг ч ялгаагүй бидний бахархал. Энэ бүх өв, соёлоо өөр бусдад байхгүй, давтагдашгүй гэдгийг нотлох судалгаа, үндэслэлийг боловсруулж, хүн төрөлхтөний өмнө хүлээн зөвшөөрүүлэхэд нөр их хүч хөдөлмөрөө дайчлан ажилласан эрдэмтэн судлаачид, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын хамт олонд баяр хүргэх зүй биз ээ.  Хамгийн гол нь энэхүү өв, соёлоо хадгалан хөгжүүлж, өнөөг хүртэл тээж ирсэн ард түмэндээ, тэр дундаа үүнд амьдрал, хөдөлмөр, ур авьяасаа зориулж ирсэн хүмүүстээ талархах ёстой.

Энэ үеэр ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга Л.Болд “Монгол Улсын хамгийн том баялаг бол үндэсний өв, соёл, урлаг. Бид үүнийг өвөг дээдсээсээ өвлөн авсан үнэт баялаг гэж үзэж, хөгжүүлж хамгаалж, хойч үедээ хүлээлгэн өгөх үүрэгтэй. Даяаршсан дэлхий ертөнц дээр давтагдашгүй өнгө төрхөө хадгалан үлдэж чадвал энэ нь жинхэнэ утгаараа баялаг болно. Бидний дэлхийд өрсөлдөх чадвар, баялгаа зөвхөн алт, зэс, нүүрс, газрын түүхий эдээр хэмжиж болохгүй. Эдгээр нь баялгийн дайвар төдий юм шүү” гэж онцолсон.

Үнэхээр ч Монгол орныг дэлхий дахин зөвхөн газрын баялаг түүхий эдээр нь биш нүүдэлчдийн ахуй соёлын генийг тээж ирсэн үндэстэн гэдгээр нь анхаарал хандуулж, өв соёлыг нь судлах, сурталчлах, хадгалах, хамгаалах дэмжлэг үзүүлсээр ирсэн. Энэ хүрээнд ЮНЕСКО-гийн дэргэдэх Нүүдэлчдийн соёл, иргэншлийн хүрээлэн Монголд олон жил үйл ажиллагаа явуулж буй юм. Тус хүрээлэн нүүдэлчдийн болоод монголчуудын уламжлал, зан үйл, ахуйн болоод оюуны үнэт өв санг судлах, дэлхий дахинд таниулан түгээх, хамгаалах хөгжүүлэх чиглэлд олон жилийн турш бүх талын дэмжлэг үзүүлэн ажилласаар ирсэн.

Монгол уран бичлэг, монгол гэр урлал-зан үйл нь ЮНЕСКО-гийн өвийн жагсаалтад бүртгэсэн батламжийг өнөөдөр ийнхүү гардан авснаараа бид хүн төрөлхтөний өмнө тэдгээрийг хамгаалах үүрэг хүлээлээ гэдгийг Л.Болд болон Спорт, соёл урлаг, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл нар онцолж, цаашид энэ чиглэлд бодлого боловсруулан ажиллахаа илэрхийлсэн юм. Үүнээс өмнө Монгол Улс ЮНЕСКО-гийн өвийн жагсаалтад дараах өв, соёлоо багтаасан юм.

 

ЮНЕСКО-ГИЙН ДЭЛХИЙН ӨВД БҮРТГЭГДСЭН МОНГОЛ УЛСЫН ӨВҮҮД:

Дэлхийн соёлын өвд:

•           Орхоны хөндийн дурсгалт газар (Orkhon Valley Cultural Landscape) 2004

•           Монгол Алтайн хадны зургийн цогцолбор (Petroglyphic Complexes of the Mongolian Altai) 2011

Дэлхийн байгалийн өвд

•           Увс нуурын ай сав газар (Uvs Nuur Basin) 2003

Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад:

•           Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг, 2008 онд

•           Монгол Ардын уртын дуу, 2009 онд

•           Монгол Үндэстний баяр–Наадам, 2010 онд

•           Монгол Үндэстний хөөмэйн урлаг, 2010 онд

•           Бүргэдийн баяр буюу Шувуучлахуй, 2010 онд (Ази, Европ, Арабын 12 улстай хамтран)

•           Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл, 2013 онд

 

Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад:

•           Монгол Тууль, 2009 онд

•           Монгол Ардын бүжгийн урлаг: Бий биелгээ, 2009 онд

•           Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг, 2009 онд

•           Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга барил-битүү амьсгаа, 2011 онд

•           Монгол уран бичлэг, 2013 онд

 

Дэлхийн дурсамж хөтөлбөрт:

Дэлхийн баримтат өвд :

•           Лу. Алтан Товч -2011

•           Монгол Шунхан Данжуур -2011

•           Есөн эрдэнийн Ганжуур – 2013

 

“Хүн ба Шим мандал” Хөтөлбөрт

Man and the Biosphere (MAB) Programme:

Дэлхийн байгалийн нөөц газрын сүлжээнд:

•           Монгол Дагуурын тал 2007 онд

•           Дорнод Монголын тал газар 2007 онд

•           Хустайн нурууны байгалийн цогцолборт газар 2002 онд

•           Говийн их дархан цаазат газар 1997 онд

•           Увс нуурын сав газар 1997 онд

•           Богд Хан Уул 1997 онд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж