
Волейболын клубуудын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд эрэгтэй долоо, эмэгтэй таван баг хурд, хүчээ сорин өрсөлдсөн. Өнгөрсөн жилийг бодвол энэ удаагийн тэмцээний багууд хүч тэнцүү өрсөлдөөн үзүүлэв. Эмэгтэйчүүдээс медалийн төлөө өрсөлдөх баг эрт шийдэгдсэн гэхэд болно. “Хасу Мегаватт”-аас ирэх жил лигт сойхоор бэлтгэж буй залуу тамирчдаа клубын аварга шалгаруулах тэмцээнд оролцуулж туршлага судаллаа. Хэдийгээр хожил авч чадаагүй ч яваандаа нэлээд чанга өрсөлдөгч болохоо “Хасу Мегаватт”-ын охид харуулаад амжив. Харин лигийн отгон аварга “Энагура” энэ удаагийн клубуудын аваргад тун тааруу оролцлоо. Гурван гол өрсөлдөгчдөө бүгдэд нь хожигдсоноор анх удаа томоохон тэмцээнээс хоосон хоцров. Мэдээж энэ хожигдол нь багийн гол ноён нуруу болсон Г.Цэцэгжаргалтай холбоотой байж болох юм. Тэрээр энэ удаагийн клубын аваргад оролцсонгүй. Түүний эзгүйд багийн гол довтолгоо Г.Мөнх-Үйлс, Б.Энхсайхан нараар өрнөж байсан. Анх гарч ирсэн цагаасаа спорт сонирхогчдын анхаарлыг татсан “Энагура” бэлтгэл дутуу байсан уу, эсвэл зохион байгуулалт муутай байв уу гэдгийг ирэх жилийн лиг харуулах биз. Өнгөрсөн жилээс эхлэн лигт хүч үзэх болсон “Тэнүүн Огоо”-гийн бүсгүйчүүдийн тоглох ур чадвар илт дээшилсэн нь клубын аварга шалгаруулах тэмцээний үеэр харагдсан. Энэ багийнхны гол дутагдал нь давуулалт байсан. Давуулалтаар цөөнгүй оноо алдсаныг эс тооцвол довтолгоо, хамгаалалт нь тун боломжийн байлаа. Юутай ч тэд волейболын хамгийн хүчтэй багуудын нэг “Энагура”-г хүрлийн төлөөх тоглолтод 3:1-ээр буулган авч анхны томоохон амжилтаа гаргасан. Харин аваргын төлөө залуу “Уурхайчин”-ы охид “Эрчим”-ийн эгч нартайгаа таван үеийн турш эн тэнцүү өрсөлдсөн ч туршлага дутаж 2:3-аар ялагдлаа. “Уурхайчин” охидын ур чадвар илт сайжирч, бүх тал дээр жигд тоглолт үзүүлснийг онцлох хэрэгтэй. Ялангуяа тус багийн П.Буянжаргал, П.Одмаа нарын тоглолтыг зориуд онцолмоор байна. Эрэгтэйчүүдээс “Ноён”-гийнхон нэрээ сольж “Хаан банкны андууд” болж багийн бүтцэд нэлээд өөрчлөлт оруулжээ. Гэсэн ч шинэ залуус тун сайн тоглолт үзүүлж лигийн аварга “Буянт-Ухаа”-тай алтан медаль булаацалдаж 3:2-оор анхны том амжилтаа гаргалаа. Чансаагаараа үндэсний лигийн дараа орох уг тэмцээнд өмнө нь ийм хэмжээний амжилт гаргаж байгаагүй. Лигийн тэргүүн багуудын нэг “Эрчим” энэ удаа хүрэл медаль дээр буулаа. Тэд хүрлийн төлөө анх удаа томоохон тэмцээнд оролцож буй “Тэнүүн Огоо”-гийн залуустай тоглож туршлагаар илүүхэв. Тус багийн дасгалжуулагч Б.Мөнхнаран нэлээд чадварлаг залуусаар баг бүрдүүлснийг энэ тоглолтоос харж болох байлаа. Ямартай ч волейболын үндэсний лигийн тэмцээн ирэх жилээс үзүүштэй болох нь. Таамаглал дэвшүүлэхэд ч бэрх болж магадгүй бололтой. Хэдийгээр медаль хүртэж чадаагүй ч “Хасу Мегаватт”-ын багийн тоглолтыг дурдахгүй өнгөрч болохгүй. Хэрвээ тэд бэлтгэл сургуулилтаа тууштай хийвэл лигийн хүчтэй өрсөлдөгч нарын нэг байж болох юм.
Б.Мөнхзул
Зохиогчийн эрх: “Спортын шуудан” сонин