Х.Баттулга сайдыг албан тушаалаас нь чөлөөлөхийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2014.05.14-нд нийтлэгдсэн

Х.Баттулга сайдыг албан тушаалаас нь чөлөөлөхийг дэмжлээ

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгыг чөлөөлөх эсэх тухай асуудлыг хэлэлцээд олонхийн саналаар "Х.Баттулгыг чөлөөлөх нь зүйтэй" хэмээн үзлээ.

Хуралдаанд оролцсон 26 гишүүнээс 14 нь сайд Х.Баттулгыг албан тушаалаас нь чөлөөлөх нь зүйтэй хэмээн үзэж, эл асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов.

Хамтарсан байнгын хорооны хуралдааны эхэнд Засгийн газрын шийдвэрийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг танилцуулсан юм. Тэрээр хэлэхдээ "Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1.1-т заасны дагуу УИХ-д өргөн мэдүүлж байна. УИХ-ын чуулганаар хэлэлцэж өгнө үү” гэлээ. Ингээд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт, тодруулга авав. Тухайлбал, Ж.Энхбаяр гишүүн Х.Баттулга сайдыг ямар шалтгаанаар сайдын ажлаасаа чөлөөлөгдөж байгааг тодруулахад ҮХАА-н сайд Х.Баттулга "Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг УИХ-аар хэлэлцэж, унагасан. Миний бие энэ төслийг батлах нь зүйтэй гэсэн санал өгсөн. Гэвч хуулийн төсөл УИХ-ын гишүүдийн олонхийн дэмжлэг авч чадаагүй. Тиймээс би өгсөн саналынхаа дагуу УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн" гэсэн хариулт өгсөн юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж