Хөрөнгө оруулалтын цаана хариуцлага байх ёстой

Хуучирсан мэдээ: 2011.05.11-нд нийтлэгдсэн

Хөрөнгө оруулалтын цаана хариуцлага байх ёстой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Мөнхбаяр нийслэлийн хөрөнгө оруулалтын газрынхантай уулзлаа. Энэ жил нийслэлд хийгдэх бүтээн байгуулалтын ажил юунаас болж удаашраад байгааг хотын дарга лавласан юм. Ажил бүрийн цаана хариуцлага байх ёстой. Хөрөнгө оруулалтын үр дүнд иргэд сэтгэл хангалуун байх ёстой шүү гэдгийг анхаарууллаа.

Өнгөрсөн жил хотын дарга  нийслэлд хийгдсэн бүтээн байгуулалтын ажил нэг төгрөг бүрийн араас явсан. Энэ ч үүднээс буух эзэнтэй, буцах хаягтай бүтээн байгуулалтын ажлууд иргэдээс хангалттай  үнэлгээ авсан юм. Энэ жилийн хувьд үүрэг хариуцлага улам өндөрсөж байгааг тэрээр дурьдлаа. Учир нь улс, нийслэлийн төсөв нийлээд өнгөрсөн жилийнхээс нэг дахин илүү байгаа. Зөвхөн нийслэлийн төсвөөр л гэхэд 79 тэрбум төгрөгний ажил хийгдэнэ. Энэ бүх ажил хөрөнгө оруулалтын газар дээр төвлөрч байх ёстой. Одоогийн байдлаар нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нийтдээ 45 ажлын зөвлөмж ирсэн байна. 40 газартай нь гэрээгээ хийчихсэн гэдгийг хэлж байна. Үлдсэн 5 компаний гэрээ яагаад удааширч байгааг Улаанбаатар хотын Захирагч лавлалаа. Зураг төслөө боловсруулаад тендерт  шалгараад ирсэн гүйцэтгэгч компаниудын ажлыг яаралтай эхлүүл. Гарын үсэг зураагүй өдөр болгоны ард нийслэлийн  иргэдийн эрх ашиг хүлээгдэж байгааг санах хэрэгтэй гэж анхааруулав.

Түүнчлэн хариуцсан мэргэжилтэн өвчтэй, аль эсвэл ар гэрийн учир шалтгаантай  гээд хотын ажил зогсох ёсгүй. Хоорондоо уялдаа холбоотой ажиллахыг хотын дарга үүрэг болголоо. Хөрөнгө оруулалтын ажлыг тэр чигээр нь үгүйсгэх гээгүй. Өмнөх жилүүдийг бодвол ажлын чанарт эргэлт гарсан. Одоо харин хариуцлагатай ажиллах хэрэгтэй гэдгийг онцолсон юм. Асуудал бүрт шалтгаан бий. Бүрдүүлэх баримт нь дутуу байдгаас хоног хугацаа алддаг тал бий гэдгийг хөрөнгө оруулалтын газрынхан хэлж байна. Нуруугаа харуулж зовлон тоочих биш, нүүр нүүрээ харсан уулзалт ажил урагшлах хөшүүрэг болж өглөө гэдгийг албаныхан хэллээ. Нийслэлийн засаг  дарга  Г. Мөнхбаяр хөрөнгө оруулалтын газрынханд хэд хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өгсөн. Хөрсний усны судалгаа, үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн бодит үр дүн, үерийн далангийн ажил гээд эдгээр багц  ажлын хэрэгжилтэнд хөрөнгө оруулалтын газрынханыг хяналт тавих даалгавар өглөө. Мэдээж эдгээр ажлын чанарын гүйцэтгэлийг ч хөрөнгө оруулалтын газрынхантай тооцно. Шаардлага хангахгүй байгууллагуудыг харин засаг даргад шууд хэл. Ажлын үр дүн тодорхой,  нүдэнд харагдаж, гарт баригдах учраас элдэв янзын тайлбар сонсохгүй.  Амины ажлыг ардаа улсын ажлыг урдаа тавьж ажиллахыг Хөрөнгө оруулалтын газрынханаас Хотын дарга хүсэв.  

Төр хувийн түншлэлийн зөвлөлдөх уулзалт маргааш болно
Аль алиндаа ашигтай хөрөнгө оруулалтыг төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны дүнд бий болгодог. Ингэж ажиллаж бүтээн байгуулалтыг өрнүүлсэн олон улсын туршлага ч байна. Амжилттай хэрэгжүүлж асуудлаа шийдэж чадсан гадныхан нийслэлчүүдэд туршлагаасаа хуваалцана .Эрчимтэй хөгжлийн шинэ гарц болсон энэхүү уулзалт  5-р сарын 12-ны өдөр зохион байгуулагдах гэж байна. 

1990 ээд оны үед нийслэлчүүд өмчөө хувьчилж байсан бол өнөөдөр өөрсдөө хувийн хэвшлээрээ дамжуулан хөрөнгө босгох боломжтой болж байгаа юм. Энэ ч үүднээс нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал концессоор хийгдэх 44 ажлын жагсаалтыг гаргасан юм. Олон улсад бол төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны төгс шийдэл, загвар байдлаар хэрэгжсэн төсөл хөтөлбөр олон бий. Харин Улаанбаатар хотод концессоор хэрэгжсэн нэг ч төсөл өнөөдрийн байдлаар байхгүй байгаа. Хамтран ажиллах сонирхолтой олон байгууллага байдаг ч 300 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг барьсан хүн хичнээн жилийн дараа ашгаа хүртэх  боломжтой вэ, Хамтрая гэсэн болгонд   найр тавиад байх нь зөв үү гэх мэт олон асуулт гардаг байна.  Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хэрэгжүүлэхэд гарч байгаа дээрхи асуудалд гарц хайхаар Улаанбаатар хот олон улсын түншүүдээ урьж 2 дахь удаагаа  зөвлөлдөх гэж байна. Зөвлөлдөх уулзалтанд 120 гаруй төлөөлөгч оролцохоо мэдэгджээ.  Монгол улсын засгийн  газар, олон улсын байгууллага, хөрөнгө оруулагчид 5-р сарын 12-нд улаанбаатар хотноо чуулна. Мөн энэ үеэр иргэдийн хурлаас баталсан концессын ажлын жагсаалтыг олон улсын хөрөнгө оруулагчдад танилцуулна. Зөвлөлдөх уулзалтын үеэр Дэлхийн банкны олон улсын санхүүгийн корпорацийнхан төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгждэг төсөл хөтөлбөрүүдийг танилцуулах бол Германчууд концессын тухай ойлголтын талаар, Солонгосчууд төр хувийн хэвшлийн түншлэлийн тогтолцоо эрхзүйн орчинг боловсронгуй болгох нь сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх гэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж