Улаанбаатар хотноо том оврын автобусаар үйлчилгээ эрхлэгч компаниуд хотын удирдлагуудын нийтийн тээврийн бодлогыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, цаашид нийтийн тээврийн салбарын тулгамдаж буй асуудлыг төр бодлогоор дэмжиж, хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахгүй бол тэмцлийн хэлбэрээ идэвхжүүлнэ хэмээн өчигдөр мэдэгдэл хийжээ.
Учир нь “Улаанбаатар хотын удирдлагууд тээвэрчдийн саналыг харгалзан үзэлгүйгээр, төсвийн хөрөнгөөр шаардлагагүй автобус худалдан авч, парк шинэчлэлт хийн, нийслэлийн өмчит компаниудыг нэгтгэхээр ажиллаж байна. Гэтэл энэ шийдвэр нийтийн тээврийн салбарт тулгамдаж буй асуудлыг шийдэж чадахгүй байна” гэж Улаанбаатар хотноо том оврын автобусаар үйлчилгээ эрхлэгч компаниуд үзэж байгаа ажээ. Тэд мөн хотын удирдлагын барьж буй эл бодлого нь тээврийн салбарыг хөгжүүлэхэд чиглэсэн бус, энэ салбараар бизнес хийгчдийг дэмжсэн бодлого” гэж үзэж байгаа юм байна.
Сануулахад, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 24-нд нийтийн тээврийн салбарынхан чуулж, тулгамдаж буй асуудлуудаа хөндөн ярилцсан юм. Чуулганаар “Нийгмийн захиалгат үйлчилгээ болох зорчигч тээврийн салбарыг санхүүжүүлэх үүргээ төр биелүүлэхгүй байгаагаас автобусны компаниуд оршин тогтнохын тулд орлого хөөцөлдөж байна. Орлого мөнгө хөөсөн байдал нь үндсэн үйлчилгээний утгаа алдагдуулах сөрөг талтай” гэж том оврын автобусаар үйлчилгээ эрхлэгч компаниуд санал нэгдсэн байдаг.
Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчид мөн “Нийтийн тээврийн салбарт соёлч, найдвартай, аюулгүй үйлчилгээ алдагдсан нь орлогын төлөөх өрсөлдөөнөөс үүдэлтэй. Орлогын төлөөх өрсөлдөөнөөс болж осол аваар гарах нь нэмэгдсэн. Улаанбаатар хотын нийтийн тээврийн маршрут маш замбараагүй байна. Олон давхацсан маршрут нь хотын төвлөрөлд нөлөөлж, замын түгжрэл, агаарын бохирдол үүсэх гол шалтгаан болдог” гэх тайлбарыг ч өгч байгаа юм.
Том оврын автобусаар үйлчилгээ эрхлэгч компаниуд
- Орлогыг нэгтгэн төвлөрүүлж, шугаманд ажилласан цаг, график, үйлчилгээний чанараар хуваарилах,
- Маршрутын төвлөрлийг задалж, дамжин зорчилтыг үнэгүй болгох,
- Стандартын шаардлага хангасан компаниудыг алдагдалгүй, мэргэжлийн боловсон хүчнийг тогтвортой суурьшилтай ажиллуулахын тулд төрөөс зохих санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг дэвшүүлэн тавьж байгаа аж.
Б.БИЛЭГ