Гэртээ харих зам хамгийн сайхан

Хуучирсан мэдээ: 2014.05.14-нд нийтлэгдсэн

Гэртээ харих зам хамгийн сайхан

Хорь ч хүрээгүй хонгор зүстэй охид бор дарсанд хэтэрхий шунамхайрах болжээ. Хаа газрын бааранд  насанд хүрсэн юм уу гэж дуу алдмаар жаахан охид халамцуухан сууж байдаг болсон байна лээ.  Арван жилийн сурагч гэмээр охидууд архи уучихаад гудамжинд найгаж явах ямар муухай харагддаг гээч.  Бас болоогүй архи уучихаад хоорондоо зодолдож байсан охидтой таарч л байлаа. 

Хэдхэн хоногийн өмнө хорь орчим насны хоёр бүсгүй бааранд танилцсан залуусынхаа гарт амиа алдсан хэрэг нийгмийг цочроосон. Хэвлэлээр гарч байгаа мэдээллийг уншихад залуус бааранд архи ууж байгаад танилцаж, улмаар хэн нэгнийхээ гэрт очиж архидах үедээ охид амиа алдсан бололтой. Ямар харалган дотортой хүн гэхээрээ танилцсан бүсгүйгээ хонь муулж байгаа аятай хөнөөх вэ дээ. Хэрэв тэр шөнө охид “гэртээ харих зам хамгийн сайхан” гээд алуурчдыг хаяад явчихсан бол өдийд үе тэнгийнхэнтэйгээ инээж наргиад, ээж аавдаа эрхлээд явж байх байсан шүү дээ.  Энэ дэндүү харамсалтай хэргээс шөнийн амьдралд хэт дурлах болсон манай залуухан бүсгүйчүүд том сургамж авсан гэж найдъя. Эс бөгөөс иймэрхүү гашуун хувь тавилан хүлээж байхыг үгүйсгэмгүй. Муу ёрлож байгаа юм биш, халамцуу гүлэмцүүхэн бүсгүйчүүд шөнө дөлөөр таньж мэдэхгүй хэн нэгнийг дагаад архидахаар явна сайны тэмдэг лав биш.

Дуунд гардагчлан харзны ус шиг мэлтэлзсэн намуун зөөлөн аашлахаа байг гэхэд харанхуй шөнөөр танихгүй хүн дагаад явдагаа болих хэрэгтэй шүү, охидоо.  Зуурдын жаргал үүрдийн зовлон болохыг хэн  ч таашгүй. Хувь тавилангаа хүн тааж мэддэг байсан бол хорвоо  хүний нулимсанд хэдийнэ цадсан байх биз. Тиймээс л охид минь, даруухан бай гэж зөвлөхгүй ч  ухаантай бай.  Ухаанаа алдтал уух хэрэггүй.

  Хэнийг  нь ч мэдэхгүй, зүс таних төдийхөн залууд итгээд дагаж явдаг  хүүхнүүд өөрийгөө хэн бэ гэдгээ харуулж байгаа хэрэг бус уу. Хүн өөрийгөө үнэлэхгүй бол хэн чамайг үнэлэх вэ гэсэн нэг үг бий.  Үнэ цэнэтэй, бардам бай охид минь.

Ганц бие зарим бүсгүйчүүд бааранд сууж хүн хартай танилцна гэж ярьцгаадаг. Баарнаас хань ижлээ олно гэж  ч юу байхав.  Тэгээд ч архины ширээний араас олсон хань ижил хэн байх нь тодорхой биз дээ. Бааранд бас л адилхан дурны хонгионууд л сууцгааж байгаа нь ойлгомжтой.  

Могойн эрээн гаднаа хүний эрээн дотроо гэдэг үг бий.  Духан дээрээ “би алуурчин” гэж бичиг наагаагүй ч ухамсар муутай, бүсгүй хүнд эрэлхүү, зэрлэг бүдүүлэг авиртай залуус цөөнгүй байгаа. Уушийн газар дөнгөж танилцсан залуу битгий хэл уухаараа араатан болчихдог, арван жил амьдарсан ханиа танилгүй гарт нь амиа алдаж байгаа бүсгүй цөөнгүй. Огт танихгүй залууг дагаж, орон гэрт нь архидсаны аз жаргал нь тэгээд хаана байна. Хайран сайхан амиа алдаж, хөөрхий эцэг эхийгээ шар махтай нь хатаачихлаа. Шөнийн амьдралд шунамхайран тусам эрт орой ийм аюул тохиолдохгүй гэх баталгаагүй. Учир нь архи савнаасаа бусдыг дийлдэг гэдэг. 

Гэртээ харих зам ямагт

Гэрэлтэй бөгөөд сайхан” гэж яруу найрагч Б.Галсансүхийн нэг шүлэг байдаг. Гэртэй харихаасаа илүү бааранд суух “хобби”-той охид бүсгүйчүүд бодох л асуудал. 

Ж.ЭРХЭС

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж