Хүүхдийн спортын наадам бариандаа ойртлоо

Хуучирсан мэдээ: 2011.05.11-нд нийтлэгдсэн

Хүүхдийн спортын наадам бариандаа ойртлоо

Монгол Улсын “Биеийн тамир, спортын тухай хууль”-ийн 16.1 дэх заалтын дагуу Хүүхдийн спортын наадмыг дөрвөн жил тутамд зохион байгуулахаар шийдвэрлэж, Засгийн газрын 2010 оны 210 дугаар тогтоолоор энэ жил Хүүхдийн спортын IV их наадмыг спортын 24 төрлөөр зохион явуулж байгаа билээ. Өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нд эхэлсэн Хүүхдийн спортын наадам энэ оны тавдугаар сарын 19-нийг дуустал орон даяар үргэлжлэх юм. Хүүхдийн спортын IV их наадмыг үндсэн 10 төрөл, мөн сонгон оролцох 14 төрлөөр дөрвөн үе шаттай явуулж, хот, хөдөөгийн хүүхэд багачууд хүч сорин өрсөлдөж байна. Ирээдүйн олимп, дэлхийн медальтнуудыг “өлгийдөн”, спортын ширүүн тэмцэл, ялалт ялагдлын баяр харууслыг мэдрүүлж буй энэхүү наадамд төр засгаас өндөр ач холбогдол өгч буйн нэг илрэл бол алт, мөнгө, хүрэл медалийн эзэд 600, 400, 200 мянган төгрөгийг газар дээр нь гардан авч буй явдал юм. Одоогоор наадмын 24 төрлөөс 16 нь дүнгээ гаргаж, энэ хугацаанд 3800 гаруй тамирчин шигшээ тэмцээнд оролцсон тухай анхан шатны судалгаа гарчээ. Наадмын дундуур гаргасан явцын дүнгээр Төв, Хөвсгөл аймгийн баг ижил 1538 оноогоор тэргүүлж, 1474 оноотой Орхон, 1356 оноотой Сэлэнгэ, 1317 оноотой Булган гэсэн төвийн бүсийн аймгууд өнгөлж байлаа. Баянзүрх дүүрэг 1214 оноогоор зургадугаарт жагсан нийслэлчүүдийн нэр хүндийг аварч явна. Байгууллагын дүнгээр эхний зургаан байр эзэлсэн БТСГ-ыг 10 сая, найман сая, зургаан сая, дөрвөн сая, гурван сая, хоёр сая төгрөгөөр шагнах бол анхан шатны нэгж байгууллагуудаа дэмжих үүднээс аймаг, дүүрэг бүрээс шилдэг нэг сургуулийг шалгаруулан нэг сая төгрөгөөр урамшуулна. Гэхдээ үлдсэн тэмцээнүүдээс ихээхэн зүйл шалтгаална. Зургадугаар сард ЕБС-ийн сурагчдын төгсөх болон элсэлтийн шалгалт эхэлдэг учраас Зохион байгуулах хорооныхон саяхан энэ асуудлаар хуралдаж, уралдааны хуваарийг урагшлуулж дараах өөрчлөлт оруулсан билээ.

Волейбол                V сарын 9-12            Орхон

Гандбол                 V сарын 13-14         Улаанбаатар

Хөлбөмбөг             V сарын 15-19         Орхон

Хөнгөн атлетик       V сарын 16-18         Улаанбаатар

Уулын дугуй          V сарын 17-18         Улаанбаатар

Байт
харваа         V сарын 17-19         Орхон

Жүдо                   V сарын 17-19        Орхон

Самбо                  V сарын 17-19         Орхон

Хүүхдийн наадам тавдугаар сарын 19-ний 15:00 цагаас манай орны ХХ зууны шилдэг бүтээн байгуулалтын өлгий нутаг-Орхон аймагт “хөшгөө хаана”. Өнгөрсөн долоо хоногт тус наадмын сагсан бөмбөгийн шигшээ тэмцээн Орхонд, буудлага спорт болон явган аяллын тэмцээн нийслэл хотноо амжилттай явагдлаа. Бүсүүдээс шалгарсан сагсан бөмбөгч охид, хөвгүүдийн 16 баг Эрдэнэт уулын хормойд аваргаа тодруулсан бол буудлага, аяллын тэмцээнд тус бүр 100 гаруй өсвөр тамирчид оролцжээ. Мөн Хэнтий, Дархан-Уул, Өвөрхангай, Ховд аймаг, Улаанбаатар хотноо хөлбөмбөгийн бүсийн тэмцээнүүд маргааш өндөрлөх юм. Өмнөх наадмуудтай харьцуулбал энэ удаагийнхад оролцогчдын хүрээ эрс тэлсэн, тэмцээнийг зохион байгуулж буй бүсүүд өндөр ач холбогдол үзүүлснийг тэмдэглэхэд илүүдэхгүй биз ээ. Хүүхдийн наадмыг зохиохын хэрээр спортоор дурлан хичээллэгчид нэмэгдэж, хөдөө орон нутагт материаллаг бааз бэхжүүлэх нөхцөл бүрэлдэж буйг БТСГ-ынхан чухалчилж байна. Өөр нэг зүйл онцолбол насны зөрчил, баримт бичгийн будлианыг зохион байгуулагчид гаргахгүйг хичээсэн билээ. Хүүхдийн спортын IV их наадам нь Лондон-2012 зуны олимпийн ХХХ наадам, Инсбрук-2012 өсвөр үеийнхний өвлийн олимпийн анхдугаар наадам болон Монголын Бүх Ард Түмний их наадмын өмнөх жил явагдаж буйгаараа өвөрмөц онцлогтой юм.

Ц.Баатар
Зохиогчийн эрх: “Спортын шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж