-ҮСХ-ны судалгаагаар өнгөрсөн сард барааны үнэ, ажилгүйдэл, өрхийн зарлага бүгд нэмэгджээ-
Үндэсний статистикийн хороо нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын тоон мэдээллийг боловсруулж, нийтэд мэдээлдэг бөгөөд өнгөрөгч дөрөвдүгээр сарын тоймыг гаргасан байна. Судалгаагаар сүүлийн саруудад хүн амын эдийн засгийн идэвх, хэрэглээний тэгш бус байдал, амжиргаа зэрэг үзүүлэлтүүдийг нэмж хийх болсон. Өнгөрөгч сарын хувьд тойм мэдээллээс харахад өсөлт өндөртэй байжээ. Та бидний амьдралд хамгийн ойр мэдэгдэж байгаа нь ам.доллар, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ ханш. Тэгвэл бидэнд анзаарагдахгүй цаана нь өрнөдөг, магадгүй эргэлзэх өсөлтүүд ажиглагдаж байна. Тиймээс тойм судалгаанаас хоёр асуудлыг онцолъё.
Төгрөгийн ханш 25-26 хувиар суларчээ
Ямар ч өгөөжгүй хор хохирол дагуулсан өсөлтөд долларын ханшийг нэрлэхгүй өнгөрч яаж болох билээ. Ам.долларын ханш өнгөрсөн жилийн хоёрдугаар сараас хойш аажмаар өссөөр 2013 оны есдүгээр сард огцом “цойлж” төгрөгтэй тэнцэх ханш 1780-д хүрсэн. Үүнээс хойш ам.долларын ханш олны анхаарлаас холдсонгүй. Өнөөдрийн байдлаар ам.долларын төгрөгтэй харьцах ханш арилжааны банкуудаар зарах нь дунджаар 1817 төгрөг байна. “Найман шарга” зах дээр үүнээс бага зэрэг доогуур ханштай. Гадаад валютын нийлүүлэлт, үнэ ханшийг Монголбанк хариуцдаг бөгөөд өдөр бүр албан ханш тогтоож, түүнээс нь арилжааны банк, ченжүүд үлгэрлэдэг. Тэгвэл Үндэсний статистикийн хорооноос Монголбанкны тогтоодог албан ханшид судалгаа хийсэн байна. Үүгээр Монголбанкны төгрөгийн ам.доллартай тэнцэх нэрлэсэн дундаж ханш энэ оны дөрөвдүгээр сард 1784 төгрөг болсон нь жилийн өмнөхөөс 367 орчим төгрөгөөс өссөн дүн ажээ. Өөрөөр хэлбэл, ам.доллартай тэнцэх төгрөгийн ханш 26 орчим хувиар суларсан байна. Юанийн хувьд, өнөөдрийн байдлаар арилжааны банкуудад дунджаар зарах ханш 290 орчим төгрөг байгаа нь жилийн өмнөхөөс 25 хувиар өссөн үзүүлэлт ажээ.
Өрхийн орлого өссөн ч зарлага дагаж нэмэгджээ
Дээр өгүүлсэнчлэн магадгүй эргэлзэх өсөлтөд өрхийн орлогыг нэрлэж болно. Өрхийн зарлагын хувьд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсч байгаа учраас мэдээж өсөх нь тодорхой. Тодруулъя. Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаагаар энэ оны эхний улирлын байдлаар нэг өрхийн дундаж мөнгөн орлого 885 орчим мянган төгрөг болж, жилийн өмнөхөөс 50 орчим мянган төгрөг буюу 6 хувиар нэмэгдсэн талаар Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Үүнд тэтгэвэр, тэтгэмж, нөхөн олговрын орлого 33.4 мянган төгрөг буюу 19.3 хувиар буурсан боловч цалин, хөлсний орлого 68.9 мянган төгрөг буюу 18 хувь, бусад орлого 16 мянган төгрөг буюу 16.3 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Нэг өрхийн сарын дундаж зарлагын хувьд, энэ оны эхний улиралд 881 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 117 мянган төгрөг буюу 15.4 хувиар өссөн байна. Өрхийн зарлага нэмэгдэхэд хүнсний хүнсний бус бараа, бүтээгдэхүүний болон бусад зарлага 18.4 хувиар өссөн нь голлон нөлөөлөсөн гэж статистикчид мэдээлэх юм.
Нийгэм, эдийн засгийн энэхүү үзүүлэлтээр өрхийн орлого нэмэгдсэн гэх боловч бодит амьдралд эерэг нөлөөлөл ажиглагдахгүй байгаад хүмүүс санал нэгдэх биз ээ.
У.БОЛОР