УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг, Хөдөлмөрийн яам хамтран Жижиг, дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг “Танд ямар бэрхшээл байна” сэдвийн дор Төрийн ордонд зохион байгуулж байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг чуулга уулзалтад оролцож “Бизнес эрхлэхэд олон саад, төвөг бэрхшээл учирдаг. Энэ тухайгаа бүсгүйчүүд та бүхэн энэ чуулганаараа сайн хэлж яриарай. Засгийн газар иргэдээ сонсч, асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллаж байна. Та бүхний хэлж ярьсан санал хүсэлтүүд асуудлыг шийдвэрлэх, нөхцөл боломжийг сайжруулах хууль, тогтоол шийдвэр болж гарна гэдэгт итгэлтэй байна. Бэрхшээл саадыг засч залруулах, бизнес эрхлэх орчин нөхцөлийг сайжруулахын төлөө цаашид ч та бүхнийг сонсч, дэмжиж ажиллана” гэлээ.
Эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоногийн хүрээнд Засгийн газрын өнгөрсөн бямба гаригийн хуралдаанаар шийдвэрлэсэн зарим асуудлын талаар Ерөнхий сайд танилцууллаа.
Жижиг, дунд үйлдвэрлэлийн НӨАТ-ын босго 10 сая төгрөг байгааг 50 сая болгох, жилийн борлуулалтын орлого нь 1,5 тэрбум төгрөг хүртлэх аж ахуйн нэгжүүдийн төлсөн НӨАТ-ын орлогын 90 хувийг буцааж олгохоор НӨАТ-ын татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөлд тусгасан, УИХ энэ долоо хоногт хэлэлцэнэ.
Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд үйлдвэр байгуулах, үйлдвэрээ өргөтгөхөд тоног төхөөрөмж худалдаж авах, импортлоход Гааль болон НӨАТ-ын татвар өндөр төлдөг, энэ асуудалд зохицуулалт хийж өгөөч гэсэн хүсэлтийг Засгийн газарт гаргадаг. Засгийн газар өнгөрсөн хуралдаанаарааимпортын гаалийн болон нэмэгдсэн өртгийналбан татвараас аж ахуйн нэгжийг түр чөлөөлөх хугацааг 2 жил буюу 2016 оныг дуустал мөрдөх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргалаа. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан.
Шинэчлэлийн Засгийн газар 2014 онд “Монголдоо бүтээцгээе” уриан дор үйлдвэржилтийг дэмжихэд онцгой анхаарч, дэмжиж ажиллаж байна. Жижиг, дунд үйлдвэр ажиллуулах, бизнес эрхлэхэд учирч буй саад бэрхшээл бүхнээ хэлээрэй. Асуудлаа хамтдаа шийдэж хамтарч ажиллая гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлээд ийм чуулга уулзалт зохион байгуулж буй УИХ-ын эмэгтэй гишүүдэд талархал илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.