Хэн нэгэн бөөгөөс болж хэнгэрэг цохиурын дуунд унтаж чадалгүй, хагас нойртой хоносон нөхдүүд Улаанбаатарт цөөнгүй байгаа биз. Тэр тусмаа нийтийн орон сууцанд амьдарч буй хүмүүс энэ зовлонг хангалттай сайн мэдэж буй байх. Дөрвөн уулын дунд амьдарч байгаа нийслэлчүүдийн олонх нь дүрэмгүй амьдардаг. Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нараас дүрэм зөрчиж үзээгүй хүн олъё гэвэл өвсөн дотроос зүү хайхтай ижилхэн биз. “Болохгүй, хэрэггүй” гэсэн газар гэрээ барьчихаад бусдын өмнөөс эрсдэлд орсон юм шиг аашлах хүмүүс ч олон. Дуртай газраа нус цэрээ нийхээс эхлээд, хаа дуртай газраа хогоо хаях, барилга байшингийн булан тохойд “морь харах”, харанхуй шөнөөр айл амьтан айлгаж, цан хэнгэрэг цохих гээд амьдралын наад захын дүрмүүдийг зөрчихдөө монголчууд үүнийгээ байдаг л үзэгдэлд тооцдог. Монголчуудад нийгэмших гэдэг ойлголт бараг байдаггүй. Хашаа хатгаад, хатгасан хашаандаа гэрээ дугуйлж амьдарч байгаагаа зарим нь нийгэмшилт гээд ойлгочихсон. Нүүдэлчнийхээ сэтгэлгээнээс салаагүй, хагас зэрлэг байдалтай амьдарч ирсэн монголчуудын хувьд дүрэмгүй амьдрах нь бараг шахуу хүлээн зөвшөөрдөгдөх хэмжээнд очсон нэг хэв маяг болчихоод байна.
Хүн бол нийгмийн харилцааны бүтээгдэхүүн гэвэл Монголд “үйлдвэрлэгдэж” буй бүтээгдэхүүнүүд чанарын шаардлага хангаж чадахгүй, гологдсон бараанууд болжээ.
“Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч дэлхийн боловсролоос гээгдэнэ” гэгчээр “би л болж байвал” гэх амин хувиа хичээсэн муухай зан манай монголчуудын дийлэнх хувьд нь хэвшмэл зүйл болсон шүү дээ. Амьдарч байгаа гудамж нь хог шороондоо дарагдах нь холгүй атал гэр нь жигтэйхэн гоё айлыг амьжиргаатай гэдэг. Гэтэл үнэндээ манай гэрээс цаадах нь падгүй гээд сууж байгаа нөхөр амьжиргаатай гэхээс илүү хувиа хичээсэн мэт харагддаггүй гэж үү. Барилга байшингийн булан тохой, гудамж талбайд хээв нэг “морь хараад” зогсч байгаа эрчүүд гэртээ дуртай газраа нус цэрээ нийгээд, бааж шээгээд байдаггүй байлтай. Шаардлага тавьсан хэн нэгний өмнөөс “миний эрх” гэдэг ганц үгээр бамбай болгодог монголчуудын эрх сүүлийн үед арай л хэтрээд байх шиг. Хоолтойгоо холиод идчихээгүй бол эрх гэдэг үгийн ард үүрэг гэдэг үг дагалддаг билээ. Үүргээ мэдэхгүй хэрнээ эрхийнхээ тухай хэдэн арван зохиол бичих хэмжээнд мэдлэг, мэдээлэлтэй нөхдүүд Монголд олон.
Өнгөрсөн бямба гаригт “Барс 2” захад гал гарч, захын эзэд болоод 300-гаад түрээслэгч хохирсон гэх мэдээлэл цацагдаад байгаа. Галын шалтгаан нь “Горгаз” компанийн ажилчид лааны гэрэлд хийн баллоныг солих үеэр гэнэт гал алдаж, цөөнгүй хүнийг эд материал, мөнгө төгрөгөөр хохироож. Хэрэв тэд үүргээ сайн ухамсарлаж байсан бол лааны гэрэлд биш, цахилгаан ирсэн үед ажлаа хийх ёстой байлаа. Хэрэв хэн нэгэн бөө нийгэмшил гэж юу болохыг жаахан ч гэсэн ойлгосон бол орон сууцанд шашныхаа зан үйлийг хийхгүй байсан. Хэн нэгэн жолооч урсгал сөрж, согтуугаар жолоо барьж, хурд хэтрүүлж, дүрэм зөрчдөггүй бол бас хэн нэгэн амьд байх байсан гээд нийгмийн харилцаа алдагдахын хэрээр учрах хор уршиг эргээд нийгэмээ залгиж эхэлж байна. Нийгэмшил нь уналтад орсон нийгэмд бусдыг хүчирхийлж, дээрэмдэж, амь насыг нь хөнөөх үзэгдэл бүр хурцдалмал шинжтэй болж байгааг үгүйсгэж боломгүй.
Монголчууд залхуу хойрго, эсвэл нийгмийн харилцааны дутагдлаа “хэнэггүй” гэдэг үгээр хаацайлдаг. Сайхан хэнэггүй эр байна даа гэж бүдүүлэг, соёлгүй нэгнээ хөөргөнө. Нөгөөх нь хэнэггүй гэдгийг гүндүүгүй гээд ойлгочихно. Уг нь бол хэнэггүй гэдэг үг тийм сайхан тодорхойлолт биш шүү дээ.
Байсхийгээд л орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх тухай цагаан мэдээ хэвлэлээр цацагддаг. Тэр ч бүү хэл орон гэргүй тэнэмэл иргэдээ нийгэмшүүлэх үндэсний хөтөлбөртэй болох тухай яриа ч гарах болжээ. Манай улс иргэдээ нийгэмшүүлэх үндэсний хөтөлбөртэй болж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ нийгэмших тухай ойлголт зөвхөн орон гэргүйчүүдэд үгүйлэгдээд байгаа юм биш байх.
Нийгэмшинэ гэдэг ойлголт гэр бүлтэйгээ хэрхэн харилцахаас эхэлдэг гэвэл хүүхдээ хазаж хайрдаг, тийрдэг, заазуурдаж тарчлаадаг нөхдүүдээс харвал нийгмийн харилцааны асар их доголдолтой, эмнэлгийн хэллэгээр бол “эмчилгээгүй” хүмүүс ч бий. Тэд эргээд ямар нийгэмшилтэй бүтээгдэхүүнийг бэлтгэх вэ.
Нийгэмшил гэдэг боловсрол биш. Дээд боловсролтой ч нийгмийн харилцааны хувьд эмгэгтэй нөхдүүд цөөнгүй бий. Их дээд сургуулийн диплом эсвэл эд хөрөнгөөр нийгэмшлийг худалдаж авна гэвэл үүн шиг том эндүүрэл байхгүй. Хүмүүжил, соёл гээд харилцааны асар том ухагдахуун, ойлголтыг монголчуудын тархинд суулгаж, нийгэмшүүлэх талаас дорвитойхон алхам хийхгүй бол уулын мухар ганц гэрээрээ амьдарч байгаа юм шиг аяглах нөхдүүд өдөр ирэх тусам олширсоор байна. Шуудайд байгаа төмснүүдээс нэг нь л ялзарсан бол бусдыгаа муутгадаг гэдэг. Тэгэхээр зөрчихийн тулд дүрэм зохиодог гэж эндүүрсээр ирсэн монголчууд минь хэзээ нийгэмших вэ?
Ж.НЯМСҮРЭН