– УИХ-ын гишүүн Д.Сумъяабазартай орон нутгийн хөгжил, барилгын салбарт тулгамдаад буй асуудлуудын талаар ярилцлаа.
– Орон нутгийн хөгжлийн гарцыг та юу гэж харж байна вэ?
Дүүрэг, хороо, сум, багт бие даан шийдвэр гаргах, төсвөө захиран зарцуулах эрхийг олгомоор байна. Анхан шатны байгууллагуудад эрх мэдлийг нь өгч дэмжих тухай бид олон жил ярьж байгаа ч хэрэгжсэн юм огт алга. Хэрэв төрийн үйлчилгээг түргэн шуурхай болгоё гэвэл бүх эрх мэдэл Улаанбаатарт төвлөрсөн байдлыг халах хэрэгтэй. Аймаг, сум, дүүрэг, хороонд амьдарч буй иргэд, тэндхийн орон нутгийн захиргаа хоёрын уялдаа холбоо алдагдсан. Иргэд хажууд байгаа төр захиргааны байгууллагатай холбоотой ажиллаж, асуудлаа шийдүүлдэг болгох цаг болсон.
Газрын алба, халамжийн хэлтэс, боловсролын газар гээд бүгд босоо бүтэцтэй, яамдынхаа амыг хараад сууж байдаг. Засаг дарга нарын шийдвэр гаргах боломж маш бага. Ажил удааширдагийн гол шалтгаан нь энэ. Заримдаа асуудал хэтэрхий угжирдаг. Үнэндээ орон нутгаа сайн мэддэг хүмүүс өөрсдөө шийдвэрээ гаргах чадвартай байдаг. Түүнчлэн анхан шатны байгууллага алдаа гаргахад дээд байгууллага нь хариуцлага хүлээдгийг болиулах хэрэгтэй. Иргэд бухимдаад асуудлаа яриад очихоор бид мэдэхгүй, дээд байгууллага шийднэ гээд суучихдаг. Тэгэхээр орон нутгийн эрх, хариуцлага хоёрыг зэрэг нэмэх шаардлагатай.
– Сүүлийн үед барилгажилт, хотжилттой холбоотой иргэдийн газрыг өмчлөх асуудал нэлээд яригдаж байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?
Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барьсан. Мөн Хотыг дахин хөгжүүлэх хууль ч байгаа. Тэднийг дагалдаад Хот байгуулалтын тухай хууль, Хот тосгодын эрх зүйн байдлын тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль зэрэг суурь хуулиуд хөндөгдөнө. Цаашлаад Үндсэн Хуульд ч гар хүрч магадгүй. Энэ бүх хуулийг авч хэлэлцэхдээ иргэдийн өмчлөлд байгаа газрыг ямар үнэлгээтэй авахыг ойлгомжтой, тодорхой тусгаж өгөх хэрэгтэй. Үүнийг дагаад тэр газар дээр барих барилга, метр квадратын үнэ, гаднаас оруулж ирэх барилгын материалын үнэ гээд олон асуудлыг зохицуулах шаардлагатай.
Гаднаас барилгын материал ихээр импортолдог, барилгажилт эрчимтэй явагдаж буй манай улсын хувьд барилгын салбар бол хамгийн их хөрөнгө мөнгө, ажлын байрыг шингээдэг салбар. Тиймээс Барилгын тухай хуулийг шинэчлэн найруулж, одоо мөрдөж буй дүрэм, журам, стандартуудыг олон улсын түвшинд ойртуулж, бидний хэлдгээр “ухаалаг” болгох хэрэгтэй. Ингэхдээ эрдэмтэн судлаачдын дуу хоолойг сонсч, бүх зүйлд тооцоо судалгаатай хандмаар байна. Хууль баталсны дараа эрх зүйн ямар нэгэн доголдол гарах ёсгүй.
Суурь хуулиудаа зөв баталж чадвал төр-хувийн хэвшил, төр-ТББ зэрэг нийгэм, эдийн засгийн олон талын харилцааг зохицуулж болно. Зөвхөн эдийн засгийн талаас нь харж хууль баталж болохгүй. Тухайлбал гурван өрөө байраар олон жил амьдраад арчилж тордоод ирсэн газраа зарах хүсэлгүй иргэд цөөнгүй. Байр барих хэрэгтэй учраас газраа зар гэж тулгаж болохгүй. Энэ мэт ээдрээтэй асуудал дээр ухаалаг төрийн чанар танигдана. Газрын үнэлгээг тогтоохдоо хүний өмчлөх эрхийн асуудлыг нарийн харгалзах хэрэгтэй. Ойлгомжгүй байдлаас болж өнөөдөр дүүргүүдийн төлөвлөсөн газар дээр маргаан гарч байна. Зөвхөн их мөнгө оруулснаар барилгын салбар хөгжихгүй.
Эх сурвалж: www.vip76.mn