Шилэн дансыг дэмжих шалтгаан

Хуучирсан мэдээ: 2014.05.13-нд нийтлэгдсэн

Шилэн дансыг дэмжих шалтгаан

 

Ньюс.мн сайтаас өнгөрсөн хугацаанд нэгэн асуулга явуулсны хариу нь өөр бусад асуулгуудаас эрс ялгаатай байв. Өөрөөр хэлбэл өмнө асууж байсан асуултын аль нэг хариу нь хэзээ ч ийм илт давамгай байдаггүй байлаа. Бид “Ерөнхийлөгчийн санаачилсан Шилэн дансны тухай хуулийг УИХ дэмжээгүй билээ. Та уг хуулийг батлах шаардлагатай гэж бодож байна уу?” хэмээн асууж, дэмжиж байна, дэмжихгүй байна гэх хариултыг санал болгоход 91 хувь нь дэмжсэн санал өгч, батлах ёстой хэмээсэн юм.

Олон нийтийн дэмжлэгтэй энэ хуулийг олон нийтийн төлөөлөл болсон УИХ нь яагаад дэмжсэнгүй вэ. Үүний хариу нь тийм ч том зүйлээс болоогүй аж. УИХ-аас хуулийг буцаах болсон үндэслэлийг тоочвол, “Энэ хуулийг батлагдахтай холбоотой өөр ямар хуульд өөрчлөлт орох вэ гэдгийг нь тусгаагүй” “Хуулийн нэрийг шилэн данс гэж өгөх үү, эсвэл өөр нэр оноож өгөх үү гэдгийг тодорхой болгох”, “Иргэдийн аудит гэх шинэ зүйл бий болгох шаардлагагүй” гээд л гүйцээ. Ерөнхийдөө бол “Хуулийн төслийн хувьд бүрдэл дутуу” гэж буцааснаас биш агуулга, ач холбогдлыг нь дэмжиж байв.

Ийнхүү хуулийн төслийг өргөн барьсан Ерөнхийлөгчийн институцийн зүгээс хууль тогтоогчдын зүгээс тавьсан шаардлагыг нь биелүүлж, алдаагаа засчихаад дахин “ринг”-нд гаргахаар болжээ.

Тэмцээнд хэн нэгэн өрсөлдөгчийг дэмжих шалтгаан гэж байдаг. Тэгвэл удахгүй хэлэлцүүлэгт орж ирэх Шилэн дансны тухай хуулийг дэмжих шалтгаан байгаа болоод л санал асуулгад оролцогчдын олонх нь дэмжээд буй хэрэг. Хуулийн агуулгыг сайн ойлгохгүй ч олонхийн хувьд татвар төлөгч бидний халааснаас гарсан мөнгөний зарцуулалт нь хаалганы цаана биш шилний цаана байгаасай гэсэндээ л дэмжиж буй аж.

Энэ хуулийн ач холбогдлыг нь хамгийн товчоор нь харвал алдааг томрохоос нь өмнө засчих боломж ч гэж ойлгогдоно. Ойрхон уншиж болох төсвийн мөнгө идэж уусан тухай хэргийн талаар унш. Сайд байхдаа идсэн, өмнөх даргын уусан хэрэг гээд дандаа жилээс урт хугацааны өмнө үйлдэгдсэн хэргийг одоо сөхөж тавьсан байдаг. Үүний шалтгаан нь төсвийн зарцуулалт нь хянагдах хүртлээ чамгүй урт хугацааг өнгөрүүлдэгтэй холбоотой. Тодруулбал улсын төсвийн зарцуулалт  Үндэсний аудитын газар очих хүртэлх дээд тал нь 24 сар орчмын хугацааг туулдаг аж. Тэгвэл шилэн дансны хуулиар энэ бүхэн 24 сарын дараа биш, 24 цагийн дотор хянагдах боломжтой болно гэсэн үг.  Өнөөдөр хариуцлагагүй худалдан авалт хийж төсвийн мөнгийг зарсан албан тушаалтан нь маргааш нь шүүмжлэгдэнэ гэсэн үг. Магадгүй тэр нэг алдаа гаргасан нөхрийн үйлдсэн алдааных нь бөмбөг нь томролгүй зогсоно гэсэн утга.

Ийнхүү төсвийн байгууллагууд нэг сая төгрөгийн үнийн дүнгээс дээш ямар нэгэн урсгал болон хөрөнгө оруулалтын зардлуудаа тайлагнаж, нээлттэй байлгахдаа өнөөдөр өглөө 9:00 цагаас орой 16:00 цаг хүртэл мөнгөн гүйлгээ хийлээ гэхэд дараагийн ажлын өдрийн 12:00 цаг гүйлгээний утга, дүн, ямар байгууллагад шилжүүлсэн гэх зэрэг мэдээллүүдээ нээлттэй болгох тухай хуулийн төсөл даагаа нэхэхээр УИХ-д орж ирэхээр боллоо. Нэр тойрч шүүмжлэх биш, агуулга руу орж хэлэлцвэл уг хууль дэмжигдэнэ биз. Хуулийн шинэчлэлийн хүрээнд шударга ёсны “дэнс”-ийг шинэчилж буй учир энэ хууль иргэдийн талархлыг хүлээсэн. Одоо үүн шигээ “данс”-аа шинэчлээд орхивол ч. Гэвч хэрхэхийг гишүүд л мэднэ.

Б.МАНДАХ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж