УИХ өнгөрсөн долоо хоногийн баасан гариг /V.09/-аас Монгол Улсын 2014 оны төсвийн хуульд өөрчлөлт оруулахаар хэлэлцэж эхэллээ. Түүнд хөрөнгө оруулалтыг нь царцаасан 243 обьектоос 156-ын санхүүжилтийг шийдвэрлэхээр тусгасан төдийгүй ам.долларын ханшийг 1384 төгрөг буюу 2014 оны төсвийн хуулийг баталж байх үеийнхээр оруулж ирсэнд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд шүүмжлэлтэй хандаж, “Засгийн газар төсвийн төслөө татаж авах ёстой” хэмээсэн бол УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд “Төсвийг татан авах хугацаа байхгүй” гэж няцаасан юм. Иймд “NEWS WEEK” сонин VS булангийнхаа энэ долоо хоногийн дугаарт УИХ-ын дэд дарга М.Энхболд, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нарын байр суурийг онцоллоо. Одоогийн байдлаар Монгол Улсын 2014 оны төсвийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, түүнтэй холбоотой өргөн мэдүүлсэн хуулиуд эхний хэлэлцүүлгийг даваад байна.
УИХ-ын гишүүн М.Энхболд
-Засгийн газар бодит байдалтай огт нийцэхгүй төсвийн төсөл УИХ-д өргөн мэдүүлж, хариуцлагагүй хандлаа. Сайд нараас энэ тухай асуухаар “УИХ-аас баталсан 30 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотой төсөл”, эс бөгөөс “Энэ тодотголын дараа жинхэнэ тодотгол оруулж ирнэ” гэх. Хоёр үе шаттай тодотгол оруулж ирдэг юм руу явж байгаа юм уу.
УИХ-аас баталсан 30 дугаар тогтоол/Засгийн газарт чиглэл өгсөн/-д бараа, ажил үйлчилгээний зардлыг 10-30 хувиар бууруулахыг үүрэг болгосон. Гэтэл 17 тэрбум төгрөгөөр бараа ажил үйлчилгээний зардлыг бууруулж төсвийн тодотголд оруулж ирсэн байна. Мөн 30 дугаар тогтоолын хүрээнд 243 обьектын санхүүжилтийг шийд гэсэн байтал 156 обьектыг санхүүжүүлж, бусдыг хэрэггүй гэсэн юмыг оруулж ирж… Уг нь 243 обьектыг ард түмэнд хэрэгтэй эмнэлэг, сургууль, цэцэрлэг байна гэж үзээд УИХ-аас санхүүжилтийг нь шийд гээд баталсан. Аудитын байгууллага нь хүртэл улстөржчихсөн, Ардын намаас хоёр гишүүн сонгогдсон Төв аймгийн бүх хөрөнгө оруулалтыг хас гэсэн шийдвэр гаргадаг, түүнийг нь Засгийн газар УИХ-д оруулж ирдэг. Ингэж улс орныхоо амьдралаар улс төр хийж тоглож болохгүй.
Валютын ханш өнөөдөр 1814 төгрөгт хүрсэн, 1700 төгрөг байхад буюу 2013 оны арваннэгдүгээр сарын 15-нд 2014 оны төсвийн төслийг УИХ баталсан. Тухайн үед Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Долларын төгрөгтэй харилцах ханш 2014 оны нэгдүгээр сарын 1-нд 1384 төгрөг болно” гэсэн. Таван сар хүлээлээ, нэмэр алга. Ийм байтал төсвийн тодотголд валютын ханшаа хуучнаар нь буюу 1384 төгрөгөөр оруулж ирж байна. Улс орны эдийн засаг, ард түмний хувь заяагаар муур, хулгана болж тоглох хэрэг байгаа юм уу. Дэндүү хариуцлагагүй хандаж байгаа юм биш үү. Засгийн газар төсвийн тодотголоо татаж авах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:
-УИХ-ын 30 дугаар тогтоолд урсгал зардлыг бууруулахыг Засгийн газарт үүрэгдсэн ч Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолд бид дахин өөр заалт оруулж өөрчилсөн. Үүний бурууг Засгийн газар үүрэх ёсгүй, УИХ өөрөө бодолтой хандах ёстой.
Хоёрдугаарт, энэ удаагийн төсвийн тодотголыг хойшлуулах юм бол энэ жил баригдах барилгын ажил зогсоно гэсэн үг. Бид хоёр сар улстөржиж, Засгийн газрын ажлыг гацаасан. Эдийн засаг хүндэрсэн гэж баахан ярьсан, одоо сайжруулъя гэж ярьчихаад хөрөнгө оруулалтыг нь таслах зүйл рүү явж болохгүй. Эдийн засгийг идэвхижүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолд туссан урсгал зардлыг Засгийн газар танахад нэг, хоёр хоног хүрэлцэхгүй. Миний тооцоолсноор 1.2 их наяд төгрөг хасагдахаар байгаа. Тэгэхээр хөрөнгө оруулалтаа үгүйсгээд энэ ажлыг хойш нь татах цаг хугацаа байхгүй гэдгийг маш сайн ойлгох ёстой. Нөгөө талдаа 243 обьектын хөрөнгө оруулалтыг бүгдийг 2014 оны төсвийн тодотголд оруулна гэвэл 1.2 их наяд төгрөг шаардлагатай болно. Төсөв дийлэх үү, ийм ойлгомжтой юм руу бие биенээ барьцаалсан түлхсэн үйлдлийг цөөнх битгий гарга. Яриад байвал “гоё, гоё” юм ярьж болно, Засгийн газрыг янз бүрээр муулж болно. Тэгэхдээ Засгийн газарт байгаа хүндрэлийг манайхан заримдаа үгүйсгээд байгаа шүү гэдгээ өөрсдөө маш сайн бодох ёстой.
Цаг алдалгүй эдийн засгаа эрчимжүүлмээр байна, төсвөө эрүүлжүүлмээр байна. 2014 оны төсвийн тодотголыг зайлшгүй хэлэлцэх ёстой. Энэ сардаа багтаагаад царцаасан обьектын асуудлаа шийдэхгүй бол эдийн засаг буруу тийшээ явна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 2014 он 05.09-нд
Бэлтгэсэн Г.ДАРЬ
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №061