Мьянмар Зүүн Өмнөд Азийн саммитыг зохион байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2014.05.12-нд нийтлэгдсэн

Мьянмар Зүүн Өмнөд Азийн саммитыг зохион байгуулжээ

 

Мьянмар улс анх удаа Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны (ASEAN) чуулга уулзалтыг өнгөрсөн бямба гаригт /V.10/ зохион байгууллаа. Мьянмарын нийслэл Нейдьидо хотноо болсон Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны чуулга уулзалтад гишүүн 10 орны Гадаад хэргийн сайд нар оролцож, Өмнөд Хяталын тэнгис дэх газар нутгийн маргааны талаар хэлэлцжээ. Мөн Тайландын улс төрийн хямрал, Солонгосын хойг дахь хоёр орны зөрчлийн талаар авч хэлэлцсэн байна.

 

Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн маргаанд Хятад болон Вьетнам улсуудын хооронд үл ойлголцол даамжирч, нөхцөл байдал хурцдаад буй юм. Хятад улс нь Вьетнамтай газар нутгийн маргаантай Парасел арлуудын ойролцоо газрын тосны өрөмдлөгийн цамхаг байршуулснаас үүдэн хоёр орны хооронд зөрчил хурцдаад буй юм. Вьетнам, Хятадын зөрчлийн энэ үед Өмнөд Хятадын тэнгист хоёр орны хэд хэдэн хөлөг мөргөлдсөн хэрэг гарч, олон улсын анхаарлыг татсан билээ. Түүнчлэн Өмнөд Хятадын тэнгист Хятадтай газар нутгийн маргаан үүсгэгч Филиппин улсын албаныхны зүгээс бүс нутаг, тэнгисийн аюулгүй байдлын төлөө  Бээжингийн цэрэг арми, эдийн засгийн өсөлтийн эсрэг зогсох хэрэгтэй хэмээн Зүүн Өмнөд Азийн  орнуудын холбооны тэргүүнүүдийг уриалжээ. Өмнөд Хятадын тэнгис нь хөлөг онгоцны тээврийн томоохон усан зам бөгөөд байгалийн эрчим хүний нөөцөөр баялаг арлуудтай хэсэг учраас Азийн олон орон тэр бүсийг эзэмшилдээ авахаар булаацалдаж буй юм.

 

Мьянмар улс нь Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоонд нэгдээд 17 жил болсон боловч өнгөрсөн амралтын өдрөөр анх удаа чуулга уулзалтыг зохион байгуулсан аж. Мьянмарт өнгөрсөн 2011 оноос хойш улс төр, эдийн засгийн шинэчлэл эрчимтэй өрнөж буй билээ. Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоонд Бруней, Камбож, Лаос, Индонез, Малайз, Мьянмар, Филиппин, Сингапур, Тайланд, Вьетнам улсууд багтдаг байна.

 

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж