Инфляци 12.3 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2014.05.12-нд нийтлэгдсэн

Инфляци 12.3 хувьтай байна

-Өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн 34 хувийнх нь үнэ өсчээ-

Үндэсний статистикийн хорооноос сар тутамд нийгэм, эдийн засгийн статистик тоон мэдээллийг боловсруулж, нийтэд мэдээлдэг бөгөөд өнгөрсөн сарын тайланг өнөөдөр танилцууллаа.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд өнгөрсөн сарын байдлаар гуравдугаар сарынхтай харьцуулахад 1.0 хувь, жилийн өмнөхөөс 12.3 хувь болж өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Өөрөөр хэлбэл, инфляци 12.3 хувьтай байна гэсэн үг юм. Ерөнхий индекс 1.0 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, ус, гутал, хувцас, бөс барааны үнэ өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Бүс нутгаар ангилбал, Хөвсгөл аймагт хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ тогтвортой, бусад аймагт, ялангуяа Дархан-Уул аймагт хамгийн их өсөлттэй гарчээ. Нийслэлийн хувьд, өнгөрсөн сард гуравдугаар сарынхаас хэрэглээний сагсны 329 нэр төрлийн бараа, үйлчилгээний 34 хувийнх нь үнэ өсч, 46 хувь нь тогтвортой байж, үлдсэн бараа, үйлчилгээний үнэ буурсан талаар статистикчид мэдээлэв.

Б.МИШЭЭЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж