Тайланд дахь Таксины нөлөө

Хуучирсан мэдээ: 2014.05.12-нд нийтлэгдсэн

Тайланд дахь Таксины нөлөө

Тайландын Үндсэн хуулийн шүүх өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Йинглак Шинаватраг эрх мэдлээ хэтрүүлсэн хэргээр албан тушаалаас нь огцрууллаа. Энэ нь Тайландын Үндсэн хуулийн шүүх 2006 оноос хойш гурав дахь удаагаа Ерөнхий сайдыг хүчээр албан тушаалаас нь огцруулж буй тохиолдол болсон юм. Тайландын Үндсэн хуулийн шүүх 2008 онд Ерөнхий сайд Самак Сундаравежийг өөрийн хөтөлдөг телевизийн хоолны шоунаас авилга авсан хэргээр албан тушаалаас нь буулгаж байжээ. Үүний дараа Самак Сундаравежийн дараагийн Ерөнхий сайд Сомчай Вонгсаватыг албан үүргээ аваад гурван сар ч болоогүй байхад сонгуулийн луйвар хийсэн хэргээр мөн л албан тушаалаас нь унагаж, улс төрийн эрхийг нь таван жилээр хассан аж. Энэ хоёр Ерөнхий сайдыг Тайландын сөрөг хүчнийхэн Таксин Шинаватратай ойрын холбоотой хэмээн шүүмжилж байсан юм. Тайландын “теле-холбооны тэрбумтан”, экс Ерөнхий сайд Таксин Шинаватра нь 2008 онд авилгын хэргээр шоронгийн хаалга татахаас зайлсхийж, эх орноосоо дүрвэсэн нэгэн билээ.  


 

Тайландын хувьд хамгийн гол тулгамдсан асуудал улс төрийн шинэ, хуучин элит хүрээнийхэн хоорондоо таарахгүйд оршиж байгаа аж. Уламжлал ёсоор Тайландын улстөрийн бүх бодлогыг Ардчилсан нам дангаараа болон хятадын хөрөнгө,  армитай холбогдсон намуудын оролцоотой явуулж байв.  Гэвч 2000-аад оноос эхлэн тариачдыг толгойлсон Таксин Шинаватра улс төрд гарч ирэн, “Тхай рак тхай” /“Тайчууд тайчуудтай хайртай”/ ард түмний намыг байгуулжээ. Таксин Шинаватра баян улстөрч байсныхаа хувьд хөрөнгө мөнгөө тариачин ард иргэдийн амьдралыг дээшлүүлэх, улс төрийн шинэчлэл явуулахад зарцуулж байжээ. Ийнхүү Тайландын хойд хэсгийн тариачин ангийнхны хувьд Таксин Шинаватра “бурхан” шиг хүндлэгдэх болсон бол Бангкокийн улс төрийн хүрээнийхний дунд “дайсан” болжээ.


 

Таксин Тайландын улс төрд гарч ирж, түүнийг тойрсон шинэ хүрээлэл бий болсноор уламжлалт болон шинэ үеийнхний хооронд хүчний тулаан эхэлсэн аж. Улмаар улс төрийн хүрээнийхний тулаанд арми оролцосноор Таксин Шинаватраг 2006 онд цэргийн эргэлтээр буулгаж, авилгын гэмт хэрэг ялласан юм. Таксиныг ард түмний мөнгийг хувьдаа завшсан хэрэгт буруутгаж байлаа.


Учир нь Таксин Шинаватраг Ерөнхий сайд байх хугацаанд нь хөрөнгийн хэмжээ нь хэд дахин өсчээ. Тайландын харилцаа холбооны салбарын толгой компани “Шин” групп Таксин Шинаватрагийнх байсан бөгөөд нэг тэрбум гаруй бахт зарцуулан Шинаватрагийн их сургуулийг байгуулж байв. Үүний зэрэгцээ тэрээр Тайландын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ч ноёрхлоо тогтоож, хэвлэлийн эрх чөлөөг боомилж байсан аж.  Хэдийгээр Таксины дэглэмийн үед Тайланд улс эдийн засгаа бүрэн шинэчилж чадсан боловч түүний Засгийн газар авлигад идэгдэж, ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаа явуулж байв.


Харин 2011 онд Таксины дүү Йинглак Шинаватраг Тайландын улс төрд хүч үзэхэд түүнийг эмэгтэй хүн тул сул дорой дээр нь мэдлэг боловсролын нимгэнийг тооцож ялалт байгуулахгүй хэмээн басамжилж байжээ. Гэвч Йинглак Шинаватра сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж түүний “Пэу Тай” буюу “Тайландын төлөө” намаас  262 гишүүн парламентад сонгогдсон аж. Ийнхүү Тайланд царайлаг эмэгтэй Ерөнхий сайдтай болсон юм. Тайландын Засгийн эрхэнд Таксины дүү Йинглак Шинаватра гарч ирснээр тус улсын өнгөрсөн 79 жилийн хугацаанд байгаагүй томоохон өөрчлөлтийг авчирна хэмээн дүгнэж байсан билээ. Йинглакийн сонгуулийн гол уриа бол 2020 онд Азийн томоохон эдийн засаг болох, ажлын байр нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулах бодлого ,алагчлалгүй төрийг бэхжүүлэх санаачилга байсан юм. Үүгээрээ тэрээр сонгуульд ялалт байгуулсан байж болох талтай. Учир нь Тайландын ард иргэд Банкок хот дахь бизнесийн элитүүд болон хөдөө нутаг дахь ядуу тариачид гэсэн эсрэг туйлд хуваагдсан аж. Тэр хэрээрээ Тайландын ард иргэд Йинглак Шинаватрад итгэл хүлээлгэж байв.


Йинглакийг засаг толгойлж байх хугацаанд сөрөг хүчин болсон парламентын хөгшин нам “Ардчилсан” нам, болон 2011 оны сонгуулиар суудал авч чадаагүй “Ардын зөвлөл” түүнийг ах Таксиныг улс төрд эргүүлэн авчрахаас эмээж байсан аж. Гэтэл Йинглак Шинаватра тэдний таамгийг батлах гэсэн мэт ах Таксиндаа эх орондоо эргэж ирэх боломжийг олгох, өршөөлийн хуулийг Засгийн газраар хэлэлцүүлжээ. Үүнээс үүдэн өнгөрсөн арваннэгдүгээр сард Тайландын сөрөг хүчнийхэн ард иргэдийг турхиран Йинглакийн эсрэг эсэргүүцлийг өдүүлсэн юм. Сөрөг хүчнийхэн Йинглакийг ах Таксиныхаа заавраар ажиллаж байгаад буруутгажээ. Улмаар тэд Йинглакийг огцрохыг шаардаж, улс төрийн шинэчлэл явуулахыг шаардаж байв. Үүнтэй зэрэгцэн Йинглакийн Засгийн газар 2011 оноос тариаланчдын орлогыг нэмэгдүүлэх, хөдөө дэх ядуурлыг бууруулах зорилгоор цагаан будаа худалдан авах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлсэн нь бүтэлгүйтэж хойд нутгийн бизнесийн лидерүүд, тариаланчдын итгэлийг алдахад хүргэжээ. Засгийн газар тариланчдаас цагаан будааг зах зээлийн үнээс 50 хувь илүү өндөр үнээр худалдан авч, тэдэнд урамшууллын мөнгө олгохоор шийдвэрлэсэн юм.  Энэ нь хөдөөгийн хүн амын дунд тааламжтай шийдвэр болсон ч экспортын өрсөлдөх чадварыг эрс бууруулсан юм.  Улмаар хэтэрхий их цагаан будааны нөөц үүсгэснээс үүнийг худалдахад Тайландын эрх баригчдад хүндрэл учирч, тариаланчдад олгох нөхөн олговор, өндөр үнээр худалдах авах үйл явцыг зогсоосон аж. Түүнчлэн Европын холбооноос Тайландын лаазалсан хан боргоцой, боловсруулсан сам хорхой, нохойн хоол зэргийн нийлүүлэлтэд үзүүлдэг хөнгөлөлтөө цуцалж, зарим төрлийн импортоо зогсоохоор шийдвэрлэсэн нь аж үйлдвэрийн салбарт нь цохилт болсон юм.


 

Тайландын Үндсэн хуулийн шүүхээс Йинглакийг 2011 онд Үндэсний аюулгүй байдлын даргыг өөрчлөхөд эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэгт буруутган огцруулахдаа Засгийн газрыг хамгаалах бодлого баримталсан юм. Үүний тулд шүүхээс Үндэсний аюулгүй байдлын дарга Тавил Плиенсриг солих ажилд гар бие оролцсон гэж үзсэн есөн сайдыг л Йинглактай хамт огцруулсан билээ. Ийнхүү Йинглак Тайландын засгаас хөөгдсөн хэдий ч түүний “Пэу Тай” нам парламентад давуу суудал эзэлсэн хэвээр буй бөгөөд ирэх долдугаар сард болох сонгуульд дахин ялалт байгуулах итгэлтэй байгаа аж. Харин сөрөг хүчнийхэн Тайландын улс төрөөс Таксины нөлөөг бүр мөсөн арчин хаяхын тулд одоогийн Засгийн газрыг бүхэлд нь огцруулж, шинэчлэл хийхийг хүсч байгаа юм. Мөн Йинглакийг дахин улс төрд хөл тавиулахгүйн тулд дээрх авилга, албан үүрэгтэй хайхрамжгүй хандсан хэрэгт буруутган, шүүж улс төрийн эрхийг нь хасуулахаар заалдаж эхэлсэн байна. Зорилгоо хэрэгжүүлэхийн тулд сөрөг хүчнийхэн Йинглакийг огцорсны дараа дахин гудамжинд гарч, жагсаал хийж эхэллээ. Үүнтэй зэрэгцэн Йинглак болон Таксин Шинаватра нарт үнэнч хэвээр үлдсэн “улаан цамцатнууд” одоогийн Засгийг хамгаалахаар сөрөг довтолгоонд оржээ.

 


Б.АНХТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж