“Барбарос” төлөвлөгөө

Хуучирсан мэдээ: 2014.05.12-нд нийтлэгдсэн

“Барбарос” төлөвлөгөө

-Засгийн газар эдийн засгийг 100 хоногт багтаан эдийн засгаа идэвхжүүлэх гэж байгаа нь өөрийн эрхгүй “Барбарос” төлөвлөгөөг л санагдуулж байгаа ч Гитлерийнх шиг хийрхэл манай улстөрчдөд байхгүй гэж итгэнэм-

УИХ-ын хаврын чуулган ажлаа эхэлсэнээс хойш нэг сарын дараа анхны ач холбогдол бүхий, цаг үеийн шийдвэрээ гаргасан нь Эдийн засгийн идэвхжүүлэх /эрчимжүүлэх гэж байсныг идэвхжүүлэх гэдэг үгээр сольсон/ тухай тогтоолыг баталлаа. Засгийн газар 100 хоногийн дотор эдийн засгаа идэвхжүүлэх төслөө ийнхүү батлуулж авлаа.


Нийт 26 заалт бүхийн тогтоолын төслийн 18 нь эдийн засгийн хүндрэлээс ойрын хугацаанд гарах арга хэмжээ бол үлдсэн найман төсөл нь тогтолцооны шинэчлэл хийхэд чиглэгдсэн байна. Тогтоолын төсөл батлагдсанаар гадаад валютын урсгалыг сайжруулах, санхүү эдийн засгийн эрсдэлээс сэргийлэх, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эдийн засгийн идэхжлийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийг дэмжих, хөгжлийн бодлого, хөгжлийн зээл, санхүүжилтийг тодорхой болгох, төрийн өмчийн удирдлагын тогтолцоог шинэчлэх үндсэн дөрвөн чиглэл тусгасан гэдгийг Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар тогтоол батлагдсаны маргааш буюу өнгөрсөн Баасан гаригт сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ онцолсон. Тухайлбал, “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг түргэтгэж, “Тавантолгой”-н ордоос олборлож байгаа бүтээгдэхүүний өр­сөл­­дөх чадварыг сайжруулах юм. “Тавантолгой”-н ордын нэмэлт хөрөнгө оруулалтыг ойрын 3-5 жилийн хугацаанд 3-5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тогтоолын төсөлд тусгажээ. Мөн бизнесийн орчинг сайжруулах, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдын үйл ажиллагааг дэмжих зорилгоор хувийн хэвшлийн үйл ажил­лагаанд тавьдаг олон хяналт, шалгалтын тоог цөөрүүлж, төрийн бай­гуул­лагын хүнд сурт­­­лыг багасгах, тус­гай зөвшөөр­лийн тоог цөөлөх чиглэлээр зарим хуульд өөрчлөлт оруу­лах юм. Тухайлбал, тусгай зөвшөөрлийн тоо 900 орчим байгааг 400 болгож бууруулах, хяналт шалгалтуудын тоог эрс бууруулах арга хэмжээнүүдийг тог­тоолд тусгасан гэж УИХ-ын гишүүн Д.Зоригт онцолсон.


Засгийн газрын өргөн барьсан тог­тоолын төслийг МАН-ынхан мөрөөдлийн хэмээн нэрлэж, эдийн засгийг яаж, ямар арга хэрэгслээр сайжруулахаа тусгаагүй гэж шүүмжилж, хэд хэдэн санал гаргасан ч үндсэндээ дэмжигдсэнгүй. Ямар сайндаа л олон­хийн санал л дэмжигдэж, цөөнхийн санал дэмжигдэхээ больсон юм байна хэмээн халаглацгаасан. МАН-ын бүл­гийн зүгээс бондын мөнгийг төсвөөс гадуур тооцоолж байгааг шүүмжлэн, нэг тогоонд багтаах хэрэгтэй гэж олон янзаар ярьж үзсэн ч тусыг эс олов.


Эдийн засаг сайжирсаныг чуулганы танхимд биш иргэдийн амьдралаар тодорхойлдог. Ирэх намар сургууль, цэцэрлэг эхлэх үеэр одоо навс унаад байгаа иргэдийн худал­дан авах чадвар өсөх юм байна гэж багцаалж байна.


1941 онд Гитлер ЗХУ-ыг довтлон агшин зуур эзлэх “Барбарос” төлөвлөгөө гэж батлан дайныг эхлүүлсэн ч энэ нь 1945 он хүр­тэл үргэлжилсэн түүх­тэй. “Барбарос” тө­лөв­­лөгөөний дагуу Гит­лерийн Герман зур­га­­дугаар сарын 22-нд ЗХУ руу довтлон гурван сард багтаан эзэлж, аравдугаар сар гэхэд Берлинд ялалтаа тэмдэглэнэ хэмээн бэлдчихсэн байсан юм.


Засгийн газар эдийн засгийг 100 хоногт багтаан эдийн зас­гаа идэвхжүүлэх гэж байгаа нь өөрийн эрхгүй “Барбарос” төлөвлөгөөг л санагдуулж байгаа ч Гитлерийнх шиг хийрхэл манай улстөрчдөд байхгүй гэж итгэнэм.

Жич: Ромын император Фридрих Барбароссын нэрээр Гитлер энэхүү төлөвлөгөөгөө нэрлэсэн юм. Гитлерийн цахилгаан төлөвлөгөө ч гэж бас түүхэнд тэмдэглэсэн байдаг.


Д.НАРАНТУЯА

 

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №061

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж