-Иргэдээ нам эвсэл, нас хүйс, өнгө зүс, ажил төрөл, амьдрал ахуйгаар нь ялгаварлан гадуурхсан сугалааг шударга боллоо гэж хэлж чадахгүй нь-
Цөөнгүй хугацаанд хүлээлт үүсгэсэн “Буянт-Ухаа-1” хороололд байр худалдан авах иргэдийн дунд явуулсан орон сууцны сугалааг өнгөрсөн амралтын өдөр зохион байгуулав. Эхний ээлжинд 1764 айлын орон сууц ашиглалтад орж байгаа бөгөөд “Буянт-Ухаа-1” хорооллоос байр авахаар 9094 иргэн цахимаар хүсэлтээ илгээжээ. Үүнээс 3159 хүн журамд заасан шаардлагад тэнцээгүй хэмээн “шалгалтад” бүдэрч, үлдсэн 5935 хүний дунд сугалаа сугалуулах маягаар асуудлыг амархан бөгөөд шударгаар шийдсэнээ албаныхан тодотгож байна. Сугалаанд хамрагдсан хүмүүсийн 3195 нь өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, залуу гэр бүл байгаа бол үлдсэн 2740 нь төрийн албан хаагч буюу эмч, багш, цагдаа нар байжээ. 1764 айлын орон сууц бүхий есөн давхар 28 барилга, 120 хүүхдийн цэцэрлэг, хоёр үйлчилгээний төвөөс бүрдсэн анхны том цогцолбор болох “Буянт-Ухаа-1” хорооллыг тавдугаар сарын 23-нд хүлээлгэн өгснөөр оршин суугчид байрандаа орж эхлэх юм.
Сугалаанд ялалт байгуулсан хүмүүсийн хувьд төгсөх шалгалтандаа онц авсан оюутан шиг бөөн догдлол, баяр хөөртэй байгаа нь гарцаагүй. Зах зээлийн үнээс хамаагүй хямд, метр квадрат нь нэг сая 280 төгрөгөөр үнэлэгдэх орон сууц одоо хаана ч байхгүй. Хамгийн хямддаа гэхэд орон сууцны нэг метр квадратын үнэ нэг сая 800 мянган төгрөгийн үнэтэй болсон. Тийм ч учраас хотын төвөөс хол, захдуу ч гэсэн агаар сайхан, бүх үйлчилгээ нэг дороо төвлөрсөн, хамгийн гол нь хямдхан гэдэг шалтгаанаар “Буян-Ухаа-1” хороололд байр авах гэсэн хүсэлтэй хүн олон байлаа. Даанч, Засгийн газрын боловсруулж гаргасан журам олон хүний хувьд хамрынх нь үзүүрийг тас хавчина гэдэгтэй адил зүйл болоод өнгөрөв.
“Буянт-Ухаа-1” хорооллын орон сууцны сугалаа шударга сайхан боллоо л гэнэ, тийм ч биз. Гэхдээ энэ дүгнэлтийг зөвхөн сугалаа сугалах процесс дээр яривал илүү оновчтой болох бус уу. Учир, нь тус хороололд орон сууц худалдан авах журам, нөхцөл, шалгаруулалтаас харахад “шударга” гэхээсээ хуваарилалт нь шог болжээ гэмээр. Өөрөөр хэлбэл, дээрх журмыг боловсруулахдаа төр өөрөө хүний эрх зөрчсөн, дээр нь иргэдээ ялгаварлан гадуурхсан.
Журамд төрийн албан хаагч нь хоёроос дээш жил ажилласан байх, харин ахмад настан гэдэгт 60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай эмэгтэй байхаар тусгажээ. Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төрөлхийн болон удамшлын эмгэг өөрчлөлт, эсхүл осол, гэмтлийн улмаас сэтгэц, оюун ухаан, мэдрэхүй чадавхи нь алдагдсан, түүнчлэн бие эрхтэн нь гэмтсэнээс хөдөлмөрлөх, бие даан амьдрах боломж нь хязгаарлагдсан байх зэргийг онцолжээ. Залуу гэр бүлийн хувьд албан ёсны гэрлэлтийн баталгаатай 35 хүртэлх насны гэр бүл байх шаардлага тавьсан нь бий.
Энэ нь яг үнэндээ бол 35-аас дээш настай, хувийн хэвшилд ажилладаг хүмүүс болоод ганц бие залуус, өрх толгойлсон аав, ээжүүдийг “Та нар орох оронтой, оочих аягатай байна уу, хамаагүй” гээд хаячихсантай ялгаагүй шийдвэр. Яагаав нөгөө “Хүн биш ээ цэрэг” гэдэгтэй яг адил. Өрх толгойлсон аав, ээжүүд, 35-55 насны хувийн хэвшлийнхний хямдхан байранд хамрагдах хүсэлд “салаавч” үзүүлснээрээ дээрх журам Үндсэн хуулийг зөрчсөн явдал болжээ хэмээн дүгнэхэд буруудахгүй биз. Үндсэн хуулинд монгол хүнийг нам эвсэл, үзэл бодол, нас, хүйсээр ялгаварлан гадуурхахыг хориглосон байдаг биш үү. Төр нь өөрөө хуулиа зөрчиж, иргэдээ тэгш бус харилцаагаар ялгаварлаж, түүнийгээ шударга хуваарилалт гэж тодорхойлж байгаа бол гутамшигтай.
Хүний хорвоо хойно, бүх хүний амьдрал тэгш сайхан байхгүй нь мэдээж. Хань ижлээ алдсан, салсан хүмүүсийн хувьд “хохь” чинь гэж амьдралынх нь зовлон, алдаа оноогоор тохуурхаж, шийтгэж болохгүй байлтай. Аливаа улсын хувьд өрх толгойлсон эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн асуудал төрийн анхаарлын төв байх ёстой гэвэл Монгол төрийн хүн чанар, үүрэг хариуцлага хаана байна вэ гэж асуумаар байна. Монголд өнчин өрөөсөн хүүхдээ өсгөхийн тулд хуруу хумсаа хуйрхлан байж зүтгэж байгаа өрх толгойлсон хүмүүс цөөнгүй. Тэдний хувийн амьдралын алдаа оноог төр нь хүртэл аль нэг журмаар ялгаварлан гадуурхахаар яах вэ. Өнчин хүүхдүүдээ чирээд өрөө өрөө түрээслээд явах уу. Энэ хэн нэгнийг унасан дээр нь дэвсэлж байгаагаас ялгаа юун. Дээрх журмын дагуу сугалаанд оролцох эрхээ хасуулсан хувийн хэвшлийнхэн төрд ажиллаагүйн төлөө нас зүсний ангилалд орсон нь ямар шалтгаантай вэ. Аль хормойноос нь унасан хүүхэд болоод тэднийг төр алаг үзнэ вэ. Дөчин нас гэдэг ид залуу нас. Арван жил төрд татвараа төлсөөр ирсэн хувийн хэвшлийнхэнд нас зүсээрээ ялгаварлан гадуурхагдах нь харамсалтай байж таараа. Олон жил татвар төлснийхөө ашгийг энэ мэтээр амсч чадахгүй бол төрд татвар төлөхийн хэрэг юун. Магадгүй энэ мэт шалгуур, шалтгаанаас болоод баланд дурласан зөгий шиг иргэд төрийн албанд хошуурцгаадаг биз. Уг нь хувийн хэвшлийнхэн нь мөнгөтэй, өнгөтэй байх тусмаа төр нь хүчтэй байдаг. Тиймээс аль ч улсын төр хувийн хэвшлийнхнээ бодлогоор дэмждэг болохоос төрийн албан хаагчдадаа хошуу дэвсээд байдаггүй юм.
Нөгөө талаар, “Буянт-Ухаа-1” хорооллыг төсвийн санхүүжилтээр барьсан учраас зах зээлийн үнээс хямд байгаа талаар ТОСК-ийнхэн ярьдаг. Тэгвэл тэрхүү төрийн мөнгө нь баялаг бүтээгчид буюу олон нийтийн хөрөнгө гэдгийг эдийн засагч Б.Лхагважав онцолсон. Тэгэхээр олон нийтийн хөрөнгөөр /татвар төлөгчдийн мөнгөөр/ барьсан “Буянт-Ухаа-1” хороололд орон сууц худалдаж авах гэсэн олон нийтэд “цензур” тавих нь өрөөсгөл. Татвар төлөгчдийн мөнгөөр барьсан тусмаа татвар төлөгчдөдөө бололцоо олгох ёстой. Олон нийтийн хөрөнгөөр барьсан орон сууцны хороололд зөвхөн төрийн албан хаагчдад давуу эрх олгох нь хууль зөрчсөн шударга бус хуваарилалт болж байгаа хэрэг. Тийм болохоор иргэдээ нам эвсэл, нас хүйс, өнгө зүс, ажил төрөл, амьдрал ахуйгаар нь ялгаварлан гадуурхсан сугалаа анхнаасаа л шударга бус болсон. Тэгээд ч өндөр хөгжилтэй улс орнуудад сугалаат худалдаа үеэ өнгөрөөсөн, хоцрогдсон арга болсон. Учир нь өндөр боловсролтой иргэдийнх нь хувьд тийм зүйл итгэдэггүй учраас тэр. Харин Монголд төр нь сугалаат худалдаа явуулж, түүнийгээ шударга гэж тодорхойлж байгааг юу гэж дүгнэх вэ?
Ж.ЭРХЭС
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №061