
Үндэсний статистикийн хорооноос өчигдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал энэ оны эхний дөрвөн сарын байдлаар хэрхэн өөрчлөгдсөнийг танилцууллаа. Засгийн газраас энэ оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласан боловч ажлын байр нэмэгдэж, ажилгүйлдэл буурахгүй байгаа нь харагдаж байна. Ер нь ажилгүйдэл буурах бус, нэмэгдэх хандлагатай болжээ. Тухайлбал, аймаг, нийслэлийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс (ХХҮХ)-т бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй иргэдийн тоо дөрөвдүгээр сарын эцэст 41.7 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 3629 хүнээр буюу 9.5 хувиар өссөн байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо Улаанбаатарт 2690, Ховдод 911, Өвөрхангайд 852, Завханд 530, Төв аймагт 244, Булганд 231, Архангайд 222 хүнээр өсчээ. Эдгээр нь ажилгүй нийт иргэдийн тоо өсөхөд голлон нөлөөлсөн байна.
Харин макро эдийн засгийн үзүүлэлт нэлээд нааштай гарсан байна. Жишээ нь, энэ оны эхний улиралд ДНБ оны үнээр 1 их наяд 748.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 339.4 тэрбум төг буюу 24.1 хувиар өсчээ. Энэхүү өсөлтөд аж үйлдвэр, барилга, үйлчилгээний салбарын болон, бүтээгдэхүүний цэвэр татварын өсөлт нөлөөлсөн хэмээн статистикчид үзжээ. ДНБ-ийг 2005 оны зэрэгцүүлэх үнээр тооцож үзэх юм бол энэ оны эхний улиралд 840.3 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 74.2 тэрбум төг буюу 9.7 хувиар өссөн дүнтэй байна.
Ч.ДАШДЭЛЭГ
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин