
-Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн. Иргэдийн хувьд сонгуулийн тогтолцооны талаар төдийлөн сайн ойлголтгүй байгаа. Тиймээс сонгуулийн тогтолцоог иргэдэд ойлгомжтойгоор тайлбарлахгүй юу?
-Сонгуулийн тогтолцоо үндсэндээ гурван хэсэгт хуваагддаг. Үүнийг нэг нь мажоритар тогтолцоо юм. Улсаа тойрог болгон хуваагаад түүн дээр нь улс төрийн намууд болон бие даан нэр дэвшигчид нэрээ дэвшүүлэн өрсөлдөхийг мажоритар буюу олонхийн тогтолцоо гэдэг. Мөн энэ тогтолцоон дотор олон мандаттай, нэг мандаттай тойрог гэж бий. Олон мандаттай тойргийн мажоритар системийг бид 1992, 2008 онд хэрэглэсэн. Нэг үгээр хэлбэл мажоритар тогтолцоо бол тодорхой хувийн босгыг давж гарч ирдэг. Энэ нь 50+1 гэсэн босго юм.
-Тэгвэл парламентад суудалтай, суудалгүй намууд пропорциональ тогтолцоог илүүд үзэж байгаа. Энэ системийн тухайд?
-Пропорциональ систем гэдэг нь тодорхой бүсэд болон улсын хэмжээнд олон мандаттай том тойрогт улс төрийн нам, намаас нэр дэвшигчийн төлөө саналаа өгөх ёстой. Харин намын нэр дэвшигчийн авсан саналыг нэгтгэж, нийт сонгогчдын саналын хувиас бодоод намуудад суудал хуваарилж байгааг пропорциональ систем гэж байгаа юм. Манай улс энэ тогтолцоогоор 1990 онд Улсын Бага хурлын суудлыг хуваарилахдаа намуудын нэрсийн жагсаалтаар санал хуваасан. Тухайн үед хуучин МАХН 64 хувийн санал аваад үлдсэн хувийг нь Ардчилсан нам, Үндэсний дэвшлийн нам, Социал демократ нам авч байсан. Ингээд Ардын их хурлын депутатуудаас дөрөвний гурвыг нь, дөрөвний нэгийг нь депутатгүй суман дотроос 50 суудлыг хуваарилж Улсын Бага хурлыг бүрдүүлж байсан жишээтэй. Энэ бол пропорциональ систем юм. Харин Ардын их хурлыг мажоритар системээр явуулсан. Нэг ёсондоо Бага хурал пропорциональ, Ардын их хурал мажоритар системтэй буюу холимог байсан гэсэн үг. Гэхдээ тухайн үед шаталсан хоёр танхимтай парламент байсан юм.
-Сонгуулийн тогтолцоог холимог байлгая гэдэг дээр намын бүлгүүд хэлэлцсэний эцэст шийдлээ. Холимог хувилбар ямар байх вэ?
-Тэгэхээр гуравдахь хувилбарын тухай асуудал гарч байна. Энэ нь одоогийн 76 гэдэг тоон дээрээ дээл эсгэх гэж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл томсгосон тойргоор том хээтэй дээл эсгэж байж 26 тойрогт хуваасан. УИХ-ын 1996, 2000, 2004 оны сонгуулийг 76 жижиг тойргоор буюу 76 жижиг хээтэй дээл эсгэсэн юм. Тэгвэл холимог систем гэдэг бол дээлний нэг энгэрийг мажоритараар, нэг энгэрийг нь пропорционалиар хийж, холих юм. Улс орноо тодорхой тойргуудад хуваагаад дэвсгэр нутгийн төлөөллийг гаргаж ирэх нь мажоритар. Өөрөөр хэлбэл тойрог дээр хүн сонгож байгаа юм. Харин улс орны хэмжээнд нэг тойрог гэж үзээд улс төрийн намуудын эсвэл түүний нэр дэвшигчийн төлөө санал өгч байгаа нь пропорциональ систем болно. Нэг хэсэг нь мажоритараар, нөгөө хэсэг нь пропорционалиар сонгогдох хоёрыг нийлүүлээд холимог тогтолцоо гэнэ. Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй гэдэг шиг дэвсгэр нутгийн төлөөллийн шинж чанар ч хадгалагдаж байна. Нэр дэвшигчдийн орж ирж байгаа арга нь өөр болохоос статус нь нэг. Сүүлийн үед шилжилтийн гэх орнууд энэ тогтолцоог илүүд үзэж байгаа. Иргэд, сонгогчид барьж үзэж байж сонгохыг хүсдэг. Энэ нь мажоритар хувилбар юм. Уг хувилбараар явахаар мөнгөтэй төгрөгтэй, тухайн тойрогтоо ах, дүү танил талтай нь сонгогдоод парламентын чанарт муугаар нөлөөлж байна гэх нь бий. Энэ мэт сөрөг талаас зайлсхийх нэг арга нь пропорциональ систем болдог.
-Холимог хувилбар буюу 26:50 гэж байгаа. Тэгэхээр 50 нэр дэвшигчийг хэрхэн гаргах юм бэ?
-Сонгуулийн тогтолцоонд тэд байна гэсэн харьцааг яриагүй. Энэ бол хувь хүмүүсийн л яриа. Улс төрийн намууд байр сууриа хатуу гарган илэрхийлж байгаа намууд цөөн байна. Миний хувийн бодол бол Монгол орон тархай бутархай, өргөн уудам газар нутагтай, цөөн хүн амтай учраас орон нутгийн болон улс төрийн намуудын нөлөө байдаг. Тиймээс 76 хүртэлх нэрийг намууд дэвшүүлээд хоёр, гурван зуун хүнээс сонголтоо хийх хэрэгтэй болно. Мажоритарын зовлон бол долоо, найман сумын хэмжээнд хамгийн их танигдсан гэдэг юм уу, хөрөнгө оруулалт хийсэн, хувь хүний хүчин зүйл их нөлөөлдөг. Хоёр нам өрсөлдөж байгаа тохиолдолд заримдаа хоёрхон хүн ч өрсөлдөх нь бий. Дуртай, дургүй ч энэ хоёрын аль нэгийг нь сонго гээд тулгачихдаг. Гэхдээ холимог системийг төгс хувилбар гэж хэлж болохгүй. Хүний тооны хувьд одоохондоо тодорхой болоогүй байна.
-26 тойрог болгон хуваах тухай ярьж байгаа. Ингэснээр намаас шинэ хүн гарч ирэх боломж муутай гэх юм?
-Хуучин, шинэдээ асуудал байхгүй болов уу. Ард түмэн шинийг хүсвэл шинэ улстөрчийг л гаргаад ирнэ. Тухайн тойрогт нэр дэвшигч бие даагаад нэр дэвшиж болно. Гэхдээ сонгууль гэдэг хүссэн хүн сонгогддог асуудал биш. Шигшмэл хүлгүүдийн уралдаан гэдэг шиг сонгууль бол яггүй уралдаан шүү дээ. Түүнээс биш хүссэн бүх хувилбараар Сонгуулийн тухай хуулийг хийгүй, хүссэн бүхэн орж ирэхгүй. Нам нэр дэвшигчдээ дэвшүүлнэ. Харин энэ ажиллагаа нь ардчилсан байх ёстой.
-Орон нутгийн сонгуулийг хэрхэн явуулах вэ?
-Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг боловсруулах ажлын хэсэг ажиллаж байгаа. Бид эхлээд УИХ-ын сонгуулийн тухай хуулийг баталъя гэж бодож байна. Энэ хуулийг хэрхэн батлахаас шалтгаалан маргаашаас нь Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн талаар хэлэлцүүлэх ажилдаа орно. Орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг яаж байгуулах вэ гэдэг талаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг бага зэрэг хүлээж байна. Хэрэв Үндсэн хуульд өөрчлөлт орохгүй бол одоогийнх нь байгаа байдал дээр зарим нэмэлтийг хийх юм.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм сонин