Дулааны V цахилгаан станцыг өмчлөх эрх нээлттэй

Хуучирсан мэдээ: 2011.05.11-нд нийтлэгдсэн

Дулааны V цахилгаан станцыг өмчлөх эрх нээлттэй

Дулааны V цахилгаан стан­цыг барихад нийт 1.4 тэрбум ам.долларын санхүүжилт хэрэгтэй байгаа. Энэхүү мөнгийг төсвөөс гаргах бололцоогүй учир уг төсөл дээр ажиллах ажилчдын цалин хөлс болон  холбогдох зардлыг нь л төсвийн тодотголд нэмж оруулахаар болсон. Харин станц барихад шаардлагатай дээрх хөрөнгийг концессын гэрээний дагуу “Барих- өмчлөх- ашиглах” хэлбэрийг ашиглан олон улсад тендер зарлаж босгохоор шийдвэрлэсэн. Концесс гэдэг нь төрийн болон орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийн дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг нийтэд үзүүлэх зорилгоор Концессын тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу гэрээний үндсэн дээр эзэмших, ашиглах, шинээр бий болгох, шинэчлэн сайжруулах онцгой эрхийг хэлдэг юм. Энэхүү ажлын гол түлхүүр болох гэрээний нөхцөл, журмыг боловсруулах үүргийг Төрийн өмчийн хорооны Төр хувийн хэвшлийн түншлэл, Концессын газар хүлээгээд байгаа билээ.  Одоогийн байдлаар тус газраас “Концессын гэрээний дагуу хийх ажлуудын тоонд Дулааны V цахилгаан станцын хөрөнгө оруулалтыг шийдэх асуудлыг багтаасан. Харин олон улсад тендер зарлах гэрээний нөхцөл болон журмыг боловсруулах шатандаа явж байгаа” гэсэн хариултыг өгч буй юм. 

Засгийн газраас гаргасан эхний хувилбар болох  Концессын “Барих-өмчлөх-ашиглах” төрлийн дагуу  олон улсын тендер зарлаж, хөрөнгө оруулалт босгон Дулааны V цахилгаан станцыг барих асуудлыг шийдвэл тендерт ялсан этгээд станцыг өөрийн хөрөнгөөр барьж, ашиглалтад оруулан гэрээнд заасан нөхцлийн дагуу өмчлөх, ашиглах эрх эдэлж, үүрэг хүлээх ёстой хэмээн Концессын тухай хуульд заажээ. Уг төрлийг ашиглавал  Дулааны V цахилгаан станцыг барихад хөрөнгө оруулсан тохиолдолд тухайн хөрөнгө оруулагч нь цаашид станцыг өөрийн өмч болгох эрхтэй юм.

Харин  дээрх хувилбар амжилтгүй болсон тохиолдолд концессын “Барих-шилжүүлэх” төрлийг ашиглахыг Засгийн газраас үүрэг болгосон. “Барих-шилжүүлэх” концессын төрлийг ашиглаж, тендер зарлавал тендерт ялсан этгээд Дулааны V цахилгаан станцыг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барьж ашиглалтад оруулна. Харин гэрээнд заасан нөхцлийн дагуу төрийн болон орон нутгийн өмчлөлд шилжүүлэх ёстой аж. Хэрэв энэ хувилбарыг хэ­­рэг­­лэвэл ул­сын төсвөөс жил бүр тодор­хой хэм­жээний мөнгийг хө­рөнгө оруулагч­дад хуваа­рилан, гэрээнд заасан хугацаанд өрийг нь төлж дуус­гах ёстой аж. Харин өрийг бүрэн төлснөөр Дулааны V цахил­гаан станц тө­рийн мэдэлд очих юм. 

Дээрх хоёр хувилбар сайн, муу хоёр талтай гэнэ. Хоёр дахь хувилбарыг дэм­жиж буй хүмүүс цахилгаан, дулааны шинэ эх үүсвэр тө­рийн мэдлээс ангид байх ёстой. Хэрэв ингэж чадвал энэ сал­бар дахь төрийн монополь үгүй болж, өрсөлдөөн бий болно гэж үзэж байгаа юм. Засгийн газар ч үүнийг дэмжиж байгаа бололтой эхний хувилбараар тендерийг зарлаж, хөрөнгө оруулагчдыг татах үүрэг өгсөн. Харин үүнээс эсрэг  байр суурьтай хүмүүс ч байгаа юм. Учир нь цахилгаан, дулааны шинэ эх үүсвэр төрийн мэдэлд шилжих ёстой бөгөөд энэ бүхэн нь Үндэсний аюулгүй байдалтай холбоотой хэмээн хоёрдугаар хувилбарыг дэмжигчид үзэж байгаа аж. 

Р.САРАНГОО


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж