Бидэнд зориулж нэг ч гэсэн ажил хийгээрэй

Хуучирсан мэдээ: 2011.05.11-нд нийтлэгдсэн

Бидэнд зориулж нэг ч гэсэн ажил хийгээрэй

Дэлхий
гэдэг энэ бөө­рөнхий гаригийг хэн ноёлдог вэ. Энэ асуултад хүмүүс “Бид”
гэж нэг дуугаар хариулах байх. Дэлхийн өндөр хөг­жилтэй улс орнууд
аливаа шинэ техник, технологи бүтээхдээ эн тэргүүнд хүний эрх ашгийг
тавьж байна. Зам тавьсан ч, байшин барьсан ч, машин бүтээсэн ч хүнд л
энэ бүхэн зориулагддаг. АНУ-д амьдарч байгаа ноён Жон өөрт нь зориулж
хийж байгаа төр засгийн ажлыг хүндэтгэдэг. Тиймдээ ч төрдөө итгэдэг.
АНУ-ын зүгээс ард иргэдийнх нь амь насанд зэрлэгээр халдсан Осама Бин
Ладен хэмээх алан хядагчыг устгасан нь хүнийхээ төлөө хийж байгаа төр
засгийн хамгийн том өмгөөлөл гэж хэлж болохоор байна. Гэтэл Монгол Улс.
Төр засаг нь “Иргэдийнхээ төлөө” гэж их ярьдаг. Харин тэдний явуулж
байгаа бодлого нь иргэдийнхээ эсрэг чиглээд байгааг тэд анзаардаггүй.
Анзаарсан ч засч залруулна гэж хэзээ ч үгүй. Хамгийн энгийн жишээнүүд ар
араасаа хөвөрч байна. Нэг компани байшин барилаа. Байшин их сайхан
хурдан баригдсан бөгөөд гаднаа автомашины зогсоолтой. Доод подвальдаа ч
олон машин оруулах зогсоолтой. Гэтэл гаднаа хүүхэд, хөгшдийг нарлуулах
талбайгүй байна. Адаглаад ганц мод ч тарьчихаагүй тийм л байшинг хүлээж
аваад оршин суугчдыг нь оруулчихаж байгаа юм. Хавар болж зам засвар
эхэлнэ. Өч төчнөөн саяар зам засаад байхаас биш явган хүн хөгжлийн
бэрхшээлтэй иргэд унадаг дугуйтай зорчигчидод зориулсан зам бараг л
байхгүй гэж хэлж болно. Төрийн томчууд Их, бага тэнгэрийн ам руугаа
ордог засмал зам тавиулаад байдаг хэрнээ жирийн иргэдийн зуслан руу
явдаг зам гэж там болсон харагддаг. Хүнд зориулж хийж байгаа зүйл бараг л
алга даа энэ Монголд. Гэхдээ зарим хүнд зориулж ганц нэг зүйл хийсэн
байна аа, бас. Тэр нь шорон. “Дэлхийн стандартад нийцсэн шинэ шорон
барилаа” гээд л улаан тууз хайчлах нь холгүй дэвхцэж байна, эрх
мэдэлтнүүд. “100.000 айлын орон сууц” хөтөлбөрөө эхлүүлээгүй шахам байж
шинэ шорон гэж хөөрцөглөөд байгаа нь хүмүүсийг “Гэмт хэрэгтэн бол” гээд
байгаа ч юм шиг. Мэдэхгүй юм даа. Бидэнд зориулсан нэг ч гэсэн ажил
хийгээрэй дээ, та нар минь.

Б.ЭНХМӨНХ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж