Йемений нийслэл Санаа хотноо орших ерөнхийлөгчийн ордон руу өчигдөр /V.9/ зэвсэгт этгээдүүд халдах үеэр цэргийнхэн амь үрэгджээ. Йемений албаныхны мэдээлснээр армийн цэргүүд зэвсэгт дайчдын ерөнхийлөгчийн ордон руу нэвтэрхийг хориглон бүтэн цагийн турш тулалдсан байна. Аль-Каидатай холбоотой зэвсэгт бүлэглэлийн дайчид ерөнхийлөгчийн ордны хаалгыг эвдлэхээр тэсрэх бөмбөг дэлбэлж, хамгаалалтын цэргүүд рүү гал нээсэн аж. Одоогоор тулааны үеэр амь үрэгдсэн хүмүүсийн тоо тодорхойгүй байна. Зэвсэгт халдлага гарах үеэр Йемений Ерөнхийлөгч Абд Раббо Мансур Хади ордондоо эзгүй байсан аж.
Үүний зэрэгцээ Йемений арми өнгөрсөн пүрэв гаригт исламын хэт даврагчдын эсрэг явуулсан цэргийн ажиллагааныхаа үеэр зэвсэгт бүлэглэлийн хэд хэдэн дайчдыг баривчилсны дунд Францын хоёр иргэн байгааг мэдээлсэн нь олон улсын анхаарлыг татжээ.
Йемений арми өнгөрсөн жил өмнөд хэсгийн хотуудад хяналтаа тогтоогоод байсан террорист аль-Каида бүлэглэлийн дайчдыг хөөн гаргасан аж. Гэвч исламын хэт даврагч зэвсэгт бүлэглэлийн дайчид эргэн нэгдэж, Йеменд халдлага үйлдэх болжээ.
Б.АНХТУЯА