Японы Ерөнхий сайд Наото Кан болзошгүй аюулаас сэргийлж, “Хамаока” цөмийн үйлдвэрээ түр хугацаагаар хаажээ. Токиогийн баруун өмнөд хэсэгт байрладаг “Хамаока” атомын цахилгаан станц нь газар хөдлөлт болох магадлал өндөр, эрсдэлтэй бүсэд байрладаг. Тиймээс Японы эрх баригчид “Фукушима”-гийн аюулыг давтахгүйн тулд ийм шийдвэр гаргалаа хэмээн “Киодо Ньюс” агентлаг мэдээлэв. “Чубу Электрик” компанийн мэдэлд байдаг энэхүү станцын байрладаг бүс нутагт ойрын 30 жилд найман магнитутын газар хөдлөлт болох магадлал 37 хувьтай байгаа аж. Тиймээс хэтийн аюулгүй байдлаа хангах зорилгоор үйл ажиллагааг нь зогсоосон байна.
“Хамаока” бол хүчин чадлын хувьд Японд гуравдугаарт ордог станц. Н.Каны буулгасан тушаалын дагуу эхний ээлжинд 2.5 мегаваттын эрчим хүч үйлдвэрлэдэг цөмийн хоёр реакторыг нь хаах юм. Харин цөмийн гуравдугаар реакторыг нь ирэх зургадугаар сард бүрэн зогсоох бол дөрөв, тавдугаар реакторуудын үйл ажиллагааг хэсэг хугацаанд хэвийн байлгана. Түүнчлэн Японы төвийн Цуруга хотод байрладаг өөр нэгэн атомын цахилгаан станцыг өнгөрсөн амралтын өдрүүдэд түр хугацаагаар хаасан байна. Энэ нь тус станцын цөмийн хоёрдугаар реактороос бага хэмжээний цацраг идэвхт бодис ялгарсантай холбоотой. Японы ард түмнийг амь насаараа хамгаалахад бэлэн гэдгээ илэрхийлж байсан Наото Кан “Иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө ийм шийдвэр гаргалаа” хэмээн атомын цахилгаан станцын үйл ажиллагааг зогсоох болсон шалтгаанаа тайлбарлажээ. Үнэхээр ч япончуудын хувьд “Фукушима” атомын цахилгаан станц өнгөрсөн гуравдугаар сарын 11-нд болсон есөн магнитутын газар хөдлөлтийн улмаас дэлбэрэх дөхсөн нь нэлээд айдас дагуулжээ. Газар хөдлөлтөд хамгийн их өртсөн Мияги, Ивате, Фукушима мужид 100 мянган хүн орон гэргүй болж, байгалийн гамшгийн улмаас 14841 хүн нас барж, 10063 хүн ор сураггүй алга болсон билээ.Үүнээс болж цацраг идэвхт бодисын аюул зөвхөн Японоор зогсохгүй дэлхий нийтэд заналхийлж байгаа юм. Цунами болсноос хойш Японд атомын дөрвөн цахилгаан станц хаалгаа барьсан бөгөөд энэ нь хүчтэй газар хөдлөлтийн улмаас цахилгааны нийлүүлэлт нь тасалдсантай холбоотой. Түүнээс биш өдийг хүртэлх хугацаанд Японы эрх баригчдын тушаалаар атомын цахилгаан станцуудыг хааж байсангүй. Дашрамд дурьдахад, сүүлийн үед олон улсын зүгээс Японы эрх баригчдыг “Фукушима”-тай холбоотой асуудлаар хангалттай мэдээлэл өгөхгүй байна хэмээн буруутгаж байгаа. Үүнийг Н.Кан өөрөө хүртэл хүлээн зөвшөөрч, танхимын сайд нартаа хатуухан “банга” хүртээжээ. Зөвхөн гадны орнууд гэлтгүй Японы ард иргэд ч итгэл муутайхан байгаа аж. Тэдний 55 хувь нь Засгийн газар нь цацраг идэвхт бодисын аюултай тэмцэж чадахгүй байна гэж үзжээ. Энэ талаар “Асахи” агентлаг мэдээлсэн байна. Японы Сангийн сайд “Хамаока” атомын цахилгаан станцыг зогсоосноор энэ зун Японы эрчим хүчний асуудал нэлээд хүндэрч, нөөц нь хомсдох төлөвтэй байгааг онцолсон байна. Тэгсэн ч хамаагүй. Аюулгүй байдлын баталгаа гэдэг гэрэл цахилгааны хомсдолоос илүү чухал хэмээн Н.Кан үзэж байгаа бололтой.
Японы хувьд нутаг дэвсгэр нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байдаг учир цаашид цөмийн бодлогоо өөрчилж, энэ асуудалд нэлээд анхаарал хандуулах нь дамжиггүй юм. Цөмийн томоохон реакторуудаа хааж байгаагаас тус улс удахгүй нүүрсний хэрэглээгээ нэмэгдүүлнэ гэх хүлээлт хэдийнэ бий болж, энэ нь олон улсын зах зээлд нөлөөлж байна. Зөвхөн нүүрс гэлтгүй зэс тэргүүтэй металлын үнэ ханш ч өсөх хандлагатай байгаа. Үүний шалтгаан нь Япон улс сэргээн босголтын ажлаа эхэлж буйтай холбоотой.
Дор хаяж таван жилийн хугацаа зарцуулах сэргээн босголтын ажлыг хийхэд Японы Засгийн газарт нэлээд их хөрөнгө шаардагдана. Гэвч одоогийн байдлаар эдийн засаг нь хүнд байдалд ороод байгаа. “Montreal” банкны шинжээч Питер Березин энэ талаар нэлээд сонирхолтой судалгаа хийжээ. Сүүлийн жилүүд Японы “Никкей 225” индекс нэлээд унаж, нийт өртгийнхөө 30 хувийг алдсан байна. Цунамийн гамшиг ч үүнд нэмэр болжээ. Энэ нь Японы зээлийн хүүгийн зэрэглэлд нөлөөлж, Засгийн газар нь өрөө төлж чадахгүй гэх таамгийг бий болгоод байна. Өнгөрсөн нэгдүгээр сард Японы зээлийн хүүгийн зэрэглэл АА- болж буурсан. Үүн дээр нэмээд Засгийн газар нь сэргээн босголтын ажилд 300 тэрбум ам.доллар зарцуулах нүсэр тооцоо гаргасан. Дор хаяж шүү дээ. Одоо Японы компаниудын хувьцааны ханш хэтэрхий доогуур үнэлэгдэж байна. Энэ нь зарим талаараа хөрөнгө оруулагчдыг татах нэг шалтгаан болж болох юм. Гэхдээ магадлал тун бага. Нөхцөл байдал Японы Засгийн газар ямар шийдвэр гаргахаас шууд хамаарна. Цунами болохоос өмнө Японы эдийн засагт дифляци хамгийн ноцтой асуудал болж байв. Харин одоо япончуудын хэрэглээ нэмэгдэж, үнэгүйдэл арилах нь дамжиггүй. Түүнчлэн банкны тогтолцоо нь харьцангуй эрүүл байж, чанаргүй зээл бага гаргасан явдал нь одоо л ашиг тусаа өгөх бололтой. Дэлхийн эдийн засагт хүчирхэг байр суурьтай болж буй Хятадын зах зээлтэй Япон ойрхон байрладаг. Энэ нь тус улсын хувьд бас нэгэн давуу тал болж байгаа юм.
Өнгөрсөн гуравдугаар сард Японы экспорт 7.7 хувиар буурсан. Экспортод түшиглсэн эдийн засагтай тус улсын хувьд энэ нь нэлээд харамсалтай үзүүлэлт юм. Японы автомашин үйлдвэрлэгч “Тоёота”-ийн бүтээгдэхүүний гаралт 62.7 хувь, “Ниссан”-ых 52.4, “Хонда”-ийнх мөн төдий хэмжээгээр буурчээ. Хэдийгээр одоо нөхцөл байдал намжсан боловч эдгээр компанийн хувьд ирэх зургадугаар сарын эцэс гэхэд үйлдвэрлэлийнхээ тавин хувийг сэргээж чадах эсэх тухай яригдаж байгаа юм. Японы үйлдвэрлэл буурсан нь Герман тэргүүтэй оронд боломж олгожээ. Үүнийг Германы үйлдвэрлэлийн индекс өссөн үзүүлэлтээр нотолж болно. Сүүлийн үед Японы томоохон бизнес эрхлэгчид дотоод дахь хөрөнгө оруулалтаа татаж эхэлсэн тухай мэдээлэл нэлээд гарч байгаа. Энэ нь тэдний хувьд аюулгүй байдал, эрсдэлээс сэргийлж буй нэг алхам гэж зарим шинжээч тайлбарлажээ.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин