Пакистаны өмнөд хэсэгт өнөөдөр үүрээр /V.10/ таван магнитудын газар хөдөлснөөс нэг хүн амь үрэгдэж, 70 хүн гэмтэж бэртсэн байна. Газар хөдлөлт Пакистаны өмнөд хэсгийн Синдх мужийн нийслэлКарачи хотоос зүүн хойд зүгт 400 орчим км-ийн зайтай газарт Навабшах дүүрэгт болжээ. Хүчтэй газар хөдлөлт хүмүүс унтаж байх үеэр үүрийн 04:00 цагт болсон учраас гэмтэж бэртсэн хүний тоо өндөр байгаа аж. Эмч нарын мэдээлснээр эмнэлэгт ирсэн хүмүүс голдуу толгойдоо гэмтэлтэй, яс нь хугарсан байдалтай байгаа гэнэ. Карачи хотын албаныхны мэдээлснээр газар хөдлөлтийн улмаас 25 айлын байшин эвдэрч сүйдсэн байна.
Пакистанд газар хөдлөх нь элбэг байдаг баөнгөрсөн оны есдүгээр сард Балучистан мужид 7.7 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс 376 хүн амь үрэгдэж, Арабын тэнгист жижиг арал гарч ирж байсан билээ.
Б.АНХТУЯА