Сөрөг хүчин сөрөх хүч биш

Хуучирсан мэдээ: 2014.05.09-нд нийтлэгдсэн

Сөрөг хүчин сөрөх хүч биш

УИХ-ын сонгуулиас хойш хэсэг хугацааг  ялагдлын шоктой өнгөрөөсөн Монгол ардын намынхан ойрмогхоноос  гэнэт сөрөг хүчин гэдгээ ухаарсан бололтой.  Гэхдээ  сөрөг хүчин гэдэг МАН-ынхны бодож байгаачлан юуг ч хамаагүй  сөрж, эсэргүүцэхийн нэр биш нь ойлгомжтой.  Сөрөг хүчин бол  эрхбаригчдын болохгүйг нь засаад, бодлогыг нь дэмжээд улс орны нийтлэг эрх ашгийн төлөө бусад хүчнүүдтэйгээ хамтран ажиллахыг хэлэх байх.  Улс орон,нийгэм, эдийн засгийн байдал хямралтай байгаа энэ үед МАН цаг үетэйгээ хөл нийлүүлж алхаж чадахгүй юмаа гэхэд бодлого, арга барилдаа өөрчлөлт оруулах цаг болжээ.

  Харамсалтай нь, сүүлийн үед улс төрд өрнөж байгаа үйл явдал, цөөнхийн зүгээс хийж байгаа улс төрийг ажиглахад “баас хатавч өмхийгөө тавьдаггүй” гэх эртний үг санаанд буух.  Яагаад гэвэл тэд  засаглалын эрх барьж байх үедээ “давхар дээл”-тэй байгаагүй юм шиг, нөгөө талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтарч ажиллаж үзээгүй юм шиг "хонгор зүстэй, хорин настай" бүсгүй шиг айлгүйтэх болсон.  УИХ-д “буг” болтлоо шахуу суусан,  юмны наана цааныг мэдэх ёстой Д.Дэмбэрэл  гишүүн хүртэл “Засгийн газар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мөнгө тарааж байна” хэмээн хэнэгч үгүй яриад сууж байгааг юу гэж ойлгох вэ. Харыг цагаанаар будаад, будаад цагаан болохгүй нь тодорхой.   Ерөөс МАН бол алдаагаа бусдад дандаа нялзааж явдаг, тэдний хийж чаддаг /бараг мэргэшсэн гэж хэлж болно/ ганц ажил нь  улс төрийн тогтворгүй байдлыг үүсгэж, бусдыг хооронд нь хагаралдуулах замаар ашиг хонжоо  олох явдал.  Үүнийгээ ч сүүлийн үед улс төрд эрчимтэйгээр хэрэгжүүлж байна. Тухайлбал,  “давхар дээл”-ийн асуудлаар Ерөнхийлөгч болон УИХ-ын ан цав үүсэхэд хүргэсэн "татар ажиллагаа"-г цэвэр МАН-ын зүгээс л өдүүлсэн.  УИХ болон Засгийн газрын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах замаар “давхар дээл”-ийг тайлах асуудлыг хууль санаачлагчийн зүгээс "2016 оны УИХ-ын сонгуулийн дараагаас эхэлж хэрэгжүүлнэ" гэж суулгаж, энэ талаараа хэвлэл мэдээлийн хэрэгслүүдээр хангалттай тайлбарласаар байхад энэ оны долдугаар сарын 1 болгон наашлуулахдаа давхар санаа агуулж байжээ.  Хэрэвзээ “давхар дээл”-ийг тайлуулах хугацааг 2014 оны долдугаар сарын 1-нээс тайлуулж чадвал Засгийн газрыг огцруулах, үгүй бол Ерөнхийлөгч болоод УИХ-ын дунд ан цав үүсгэхэд хүрнэ гэдгийг цөөн сайтар  төлөвлөсөн бололтой. УИХ болон Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг УИХ-аар хэлэлцэх үед олонхын дэмжлэг авах бүрэн боломжтой байсан. Гагцхүү сөрөг хүчний зүгээс явуулсан “давхар мэх”-нд ойчсон хэрэг.  Тодруулбал, МАН-ынхан хорлон сүйтгэх ажиллагаагаа өөрсдийнхөө санаснаар, төлөвлөсөн сценарийн дагуу хийж дөнгөлөө. Тэд ийм хариуцлагагүй үйлдэл хийснээрээ том төрийг ухаалаг төр рүү шилжихэд том гай тарилаа гэсэн үг.

  Далан жилийн түүхтэй, Монголын хамгийн “хөгшин” намын хувьд МАН-ын зүгээс явуулж байсан бодлого, явуулж байгаа улс төрийг ажиглахад тэд хэзээнээсээ хоролмаанууд байсан гэдгээ дахин, дахин нотлосоор. Энэ нь өчигдрийн УИХ-ын хаалттай хуралдаанаар хэлэлцсэн Х.Тэмүүжингийн асуудал дээр илүү тод харагдлаа гэж хэлж болох биз. Олонхийг хоорондоо толхилцож, хөнжилдөө хөлөө жийлцэхийн хэрээр бах таваа хангаж  суусан МАН “эрх баригчид л өөрсдөө ингэж үймээд байна шүү дээ” гэх маягтай үгийг чулуудаж байсан бол олонх эв эе, учир зүйгээ олонгуут  сандарч тэвдэн завсарлага авсныг нь хачирхан гайхах асуудал биш аж.  Хууль зүйн сайдыг огцруулах эсэх асуудлаар долоо хоногийн завсарлага авсан МАН бас нэгэн “давхар мэх”-ээ боловсруулах хугацаа хожих гэсэн санаа болов уу.

 Хэвлэл мэдээлийн хэрэгслүүдээр мөнгө цацлаа хэмээн ад үзээд байсан хэрнээ МАН-ын зарим гишүүд сонин, сайтын редакци руу утас цохин,  завсарлага авсан шалтгаанаа шал өөрөөр мушгин гуйвуулж тараах нь цаанаа ямар сонирхолтой байсан нь ойлгомжтой.   “Сөрөг хүчин болсон үед яах ёстой юм гэдэг сайтар судлах хэрэгтэй. МАН ихэвчлэн Засаг барьж байсан тул сөрөг хүчин байхын зовлонг мартсан байж мэднэ. Засгийн газрын муу болгоныг бид өөлөх ёсгүй. Болж байгааг нь дэмжиж ажиллах хэрэгтэй” гэж МАН-ын ахмад гишүүн, Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж хэвлэлд ярилцлага өгөх үеэрээ дурдсан байна лээ.  Чухамдаа бол сөрөг хүчин  гэдэг сөрөх  хүч биш бөгөөд сөрөг, сөрөх хоёр үг хоорондоо асар их ялгаатай гэдгийг захын монгол хэлний багшаас асуухад хэлээд өгөх  болов уу  Өнөөдрийн хувьд сөрөг хүчний сөрөх, хардах, хагалах, бутаргах явдал хэрээс хэтрээд байх шиг.

Ж.НЯМСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж